Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна

Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, цаашдын хөгжил
дэвшлийн суурь бүтэц болох аж үйлдвэрийн нэгэн шинэ төрлийг үүсгэн
байгуулах зорилгоор Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр
байгуулахаар боллоо.

Хонгор сумын нутаг Ноён Хонгор уулын өвөрт
газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын
дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
Ж.Сүхбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа нар болон
аймгийн удирдлагууд, үйлдвэрийг хамтран байгуулах Монгол, Японы
компаниудын төлөөлөл оролцов. ‘’Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр’’
төслийн удирдагчаар академич Т.Намжим ажиллаж, энэхүү төслийг Япон
улсын Засгийн газрын банк болох Японы олон улсын хамтын ажиллагааны
банкны санхүүжилтээр Японы “Тоёо инженеринг” болон “Марубени” корпораци
хамтран хэрэгжүүлэх юм байна. Харин монголын талаас ‘’Жаст’’ групп,
“Петровис” болон “Магнай трейд” компаниуд ‘’Дархан газрын тос’’
хамтарсан консорциум байгуулан оролцож байгаа аж.

УИХ-аас 2010
оны долдугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан Монгол
Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд Дархан-Уул
аймагт жилдээ 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр
байгуулах төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын болон хувийн
хэвшлийн компанийн оролцоотой консорциум байгуулж, үйлдвэрийг барьж
эхлүүлэхээр болсон байна.

Үйлдвэрийн шав тавих ёслолын
ажиллагааг Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат нээж хэлсэн
үгэндээ, хот байгуулагдсаны 50 жилийн ойгоо энэ жил тэмдэглэж байгаа
дарханчууд онгон зэлүүд газарт шинэ хот байгуулж чадсан хөдөлмөрч ард
түмэн. Тэгвэл Монгол орны урьд, хойт тэнхлэгийн төмөр замын сүлжээ,
найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй тус хотод бас нэгэн шинэ үйлдвэр
цогцлон байгуулах их ажлын гараагаа дарханчууд эхэлж буйг онцолж байлаа.

   
‘’Дархан-газрын тос’’ боловсруулах үйлдвэрийн шав тавих
ёслолд оролцсон УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлсэн үгэндээ, Монгол Улс
газрын хэвлийн баялгийг ашиглахдаа түүхийгээр нь гаргаад байх биш, харин
эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах нь төрийн эдийн засгийн
томоохон бодлогын нэг. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь
стратегийн асар их ач холбогдолтой төдийгүй Монгол Улсын эдийн засгийг
хөгжүүлэх нэг чухал хөшүүрэг болох юм. Улс орны эдийн засаг өсөхийн
хэрээр цаашдаа бензин шатахууны хэрэгцээ ч улам өснө. Өсөн нэмэгдэж буй
энэ эрэлт хэрэгцээг хангахад энэ үйлдвэр чухал ач холбогдолтой юм.
Үйлдвэр барих ажлыг дотоодын томоохон компаниуд хамтарсан консорциум
байгуулж гүйцэтгэхээр болсон нь сайшаалтай. Энэ ажилд дарханчууд та
бүхний хувь нэмэр ч их үүрэгтэй. Шинэ үйлдвэр байгуулагдсанаар та бүхэн
ажлын байраар хангагдана, бас шинэ технологи эзэмшинэ, хотын хөгжил ч
улам дээшилнэ гэдгийг тэмдэглэлээ. Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор
жилдээ 2 сая тонн түүхий нефть боловсруулж орчин үеийн технологи бүхий,
хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй автобензин, нисэх онгоцны түлш
зэрэг 1.7 сая тонн шингэн түлш үйлдвэрлэх аж. Үйлдвэрт 600 хүн ажиллах
агаад инженер техникийн 50 ажилтныг Япон улсад, 220 гаруй ажилтныг Японы
мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар дотооддоо сургаж бэлтгэх юм байна.
600 сая ам.долларын төсөвт өртөгтэй энэ үйлдвэрийн барилгын ажлыг ирэх
онд эхэлж, 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үйлдвэр байгуулах
хөрөнгийн 80 хувийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банк, үлдэх
хэсгийг Монголын талын хамтарсан консорциум гаргах юм байна.  Түүхий
тосоо ОХУ-аас авахаар Засгийн газар, агентлаг, компанийн хэмжээнд
ярилцаж тохиролцсон, мөн дотоодын олборлох үйлдвэрүүд ч зохих хэмжээний
бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой. Гол нь үйлдвэр байгуулах ус,
цахилгаан, зам харилцааны сүлжээний өргөн боломжийг харгалзан Дархан-Уул
аймгийг сонгож авсан гэдгээ төслийн багийнхан хэлж байлаа.    
          

Дахиад нэг Дарханыг дулаан, эрчим хүчээр хангах нөөц бий

УИХ-ын
дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
Ж.Сүхбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа нар
газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолд оролцсоны дараа
‘’Дарханы дулааны цахилгаан станц’’ хувьцаат компанийн үйл ажиллагаатай
танилцав. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчдийг станцын ажил
байдалтай танилцах үеэр тус станцын гүйцэтгэх захирал  Б.Мандалбаяр 
ДЦС-ын үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар танилцуулав.

Дарханы
дулааны цахилгаан станц нь ОХУ-д үйлдвэрлэсэн БКЗ-75-39 ФБ маркийн 9
зуух, АТП-12 маркийн 4 турбингенератортой. Монгол Улсын эрчим хүчний
нэгдсэн 35, 110, 220 квт-ийн өндөр хүчдэлийн шугамуудаар холбогдсон.
Жилдээ 302,8 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч, 1196 мянган Гкал дулааны
эрчим хүч боловсруулах хүчин чадалтай. Манай улсын газар тариалангийн
үйлдвэрлэл, уул уурхай, хар төмөрлөгийн үйлдвэр хөгжсөн гол бүс нутаг
Дархан-Уул аймаг, Дархан-Сэлэнгийн бүс нутгийг цахилгаан эрчим хүчээр,
Монголын хоёрдогч том хот-Дарханыг дулааны эрчим хүчээр хангадаг ганц
цогцолбор нь юм.

Станцын есөн зуухны зургаа нь 1965 онд, гурав
нь1986 онд ашиглалтад орсон. Шаталтын технологи нь  завсрын бункертэй
тоосон системтэй аж. Шарын голын уурхайн 3917  ккал/кг илчлэгтэй
нүүрсэнд тооцоо хийсний үндсэн дээр 2007 оноос хоёр зуухныхаа шаталтын
технологийг өөрчлөн нам температурын буцламтгай үет шаталтын технологид
шилжүүлэн ашиглаж байгааг захирал танилцуулав. Ер нь одоогийн Дархан
хотын дайтай бас нэг хотыг дулаан, эрчим хүчээр хангах бүрэн нөөц бийг
тэрээр хэлж байв.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл цахилгааны хангамжийн
талаар станцын даргаас тодруулахад цахилгааны хангамж системийн
хэмжээгээр яригдана. Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний хүчин чадлын
хувьд авч үзвэл 100 Мгв-ыг шингээх бүрэн боломжтой болохыг тэрээр хэлэв.
Харин үнэ тарифын хувьд Дарханы цахилгаан станц нэг Мгв дулааныг 72
төгрөгөөр нийлүүлдэг бол хэрэглэгчдэд түгээх үнийн хувьд цахилгаан
түгээх сүлжээнийхэн НӨАТ-гүйгээр 90 төгрөгөөр түгээдэг. Энэхүү тарифыг
Эрчим хүчний зохицуулах газар батлан өгдөг гэлээ. Энэ үнийг бууруулах
боломж хэр байгааг УИХ-ын дарга лавлахад энэ үнийг бууруулахгүйгээр одоо
байгаа хэмжээнд нь барих, цаашид нэг Мгв цахилгаан, дулааны үнийг
найман центэд хүргэх зорилт тавьж байгаа гэдгээ цахилгаан эрчим хүчний
дамжуулах станцынхан хэлж байв.

Тус станцын хамт олон өнгөрсөн
хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ зуухны удирдлагыг
бүрэн автоматжуулан комьютерийн удирдлагын системд шилжүүлсэн. Дархан
хотын иргэд, байгууллагыг цахилгаан, дулаанаар хангах үйл ажиллагаа
хэвийн явагдаж байгаа, энэ жил 66 сая төгрөгийн ашигтай ажилласан.
Цаашид өөрийн хөрөнгөөр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлуудыг
хийж байгаа гэдгээ станцын удирдлагууд УИХ-ын даргад танилцуулав. 
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ үеэр уг станцыг анх нээж байсан үеийн түүхэн
зураг, материалуудыг үзэж сонирхон хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ
үлдээж, станцын зарим дамжлагын ажиллагаатай танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж