Гудамжаар алхаж явлаа. Хэдэн хүүхэн урд минь алхана. Өвөл дөхөж байгааг ч хэлэх үү, хүмүүс хувцсаа зузаалж. “Өвлийн нүд сохор” хэмээн манай бүсгүйчүүд ярьдаг. Зузаан хувцастай болохоор биеийн галбир энэ тэрээ гайхуулах боломжгүйг хэлж байгаа нь тэр л дээ. Гэтэл гэнэт нөгөөх хүүхнүүд маань эрэгтэй хоолойгоор чанга чанга яриад гардаг байгаа. Сонирхоод, “гүйцэж түрүүлэхдээ” харвал хүүхнүүдийн тэн хагас нь эрэгтэй байх нь тэр. Сонин юм, гудамжинд зөрөх залуусын эр, эмийг ялгахад тун бэрх болчихож. Залуучуудын биеийн хэлбэр галбир, алхаа гишгээ, гар хөлийн дохио зангаа нь тун эмэгтэйлэг болжээ. Бас засуулсан үс, өмссөн хувцас энэ тэр нь бүсгүйчүүдийнхээс ялгарах юм алга.
Би бодлоо. Саяхан даа, 1990-ээд оны дунд үеийг хүртэл эр хүний тухай ойлголт огт өөр байж гэж. Эр хүн гэдэг бахим чийрэг биетэй, бүдүүн хоолойтой. . . гээд л. Жаахан маазрах юм бол эр хүн сармагчингаас арай л царайлаг байвал болоо гэдэг байв. Харин одоо бол эсрэгээрээ. Шинж чанарын хувьд охид хүүхнүүдээс дутах юмгүй. Нарийхан бэлхүүстэй, цагаан царайтай, хуруу хумсаа гоё янзалсан. Өөр бас юу ч гэлээ, эмэгтэй хүнд байх олон чанарыг эр хүн рүү шилжүүлчихэж. Үүнд нийцэх гэсэн залуус нүүрээ хүртэл буддаг болсон гэнэ. Нүүрэндээ энгэсэг тавьж, уруул, нүд, хумсаа буддаг нь хэдийнэ нууц биш болсон тухай ярьж байна. Ажиглаад байх нээ, үнэн юм шиг байна аа.
Нөгөө талаар сүүлийн үеийн залуу эрчүүд хөөрхий минь, тун чиг эмзэг турьхан болчихож. Бүх эд эрхтэн нь нарийхан, дээр үеийн ордны авхай нарынх шиг бие хаатай болсон тухай судалгаа хүртэл байх юм. Саяхан Хуримын ордны дарга Оюунчимэг гуай “Сүүлийн үед хурим хийх гээд ирж байгаа шинэ гэр бүлүүдийн өрхийн тэргүүнийх нь хуруу нарийсч, гэргий нарынх нь бүдүүрлээ” гээд халаглаж байна гэнэ. Оюунчимэг гуай мөн ч олон жил хосуудын бөгжийг зүүж өгч байгаа хүн. Аавуудын хуруу нарийсч, ээжүүдийнх бүдүүрч байгаа нь олон зүйлд хариу нэхэж бас асуулт тавьж буй хэрэг. Хөөрхий эмзэг турьхан залуус маань эмгэнэлт дүр төрхөө солонгос имиж хэмээн тайлбарлаж байна. Сүүлийн үед Монголын нийгэмд энэ олон телевизийн оруулж ирсэн нэг зүйл бол солонгосын олон ангит кино. Тэндээ гэрийн авгай нар үзэж уйдаагаа гаргадаг олон ангитыг манай залуус үлгэрлэн дуурайж хүмүүжиж байгаа нь энэ. Солонгос киноны эрчүүд уйлна, сэтгэлээр унана, эмэгтэйдээ аргадуулна. Бас дээрээс нь бие хаа нь турьхан гэж жигтэйхэн.Үүнийг солонгос имиж гэж байгаа хэрэг.
Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайн яриад, дэмжээд байдаг даяаршлын шуурга ийн буруу салхилчихаж. Даяаршлын шуурганд монгол эрчүүд өртсөн гэх үү.
Нөгөөтэйгүүр 1990-ээд оны сүүлчээр “Титаник” кино дэлгэцэнд гарч Леонардо Ди Каприо дэлхийн од болсон. Тэр үеэс дэлхийн эмэгтэйчүүд Шварценеггер, Сталлонег биш Ди Киприог шүтдэг болсон тухай урлаг судлаачдын судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдэрхүү нялхамсаг царайтай эрчүүд “моод”-д орсон гэсэн үг. Энэ байдал даяаршлын ачаар солонгос хэлбэрээр Монголд орж ирсэн гэх ажээ.
Хаачсан бэ? Монгол эрчүүдийн бахархал “брэнд” болсон Цахиур Төмөр, Далайцэрэн, цаашилбал Юндэн гөөгөө төрх. Олон үг хэлдэггүй, гүдэсхэн, дээрээс нь бие хаа гэж дуунд хэлдгээр уул мэт нөмөр сүртэй байх нь яахын аргагүй монгол эр хүний уламжлалт “загвар”. Хэдийгээр цаг хугацаа өнгөрч, хөгжил дэвшил туйлдаа хүрч буй ч байгалиас заяасан эр төрх алга болж буйг ямар нэгэн сүйрэл, эмгэнэлд хамаатуулмаар. Хэзээ байхдаа Монголд гей мисс Энхриймаа, манин Ганбууш, гомо Нараа гэсэн хүйсийн гажигтай “одууд” байлаа даа. Бас нэгэн солнирхолтой зүйл гэвэл, дээр хэлсэн сайхан монгол эрийн хэв шинжийг ярихаар охид хүүхнүүд хэдэн зууны өмнөх дээл өмссөн, хөлс шивэр ханхлуулсан, үхэр шиг мангар амьтдыг өөд нь татлаа гэцгээдэг гэнэ.
Эр хүн цэвэрч, эсхүл цэвэрхэн байх ёстой. XXI зуунд амьдарч буй иргэншлийн эд эсийн хувьд энэ бол зайлшгүй байх чанар. Уг нь энэ Монголыг чинь багаасаа сагсны бөмбөгнөөс хүндийг өргөж үзээгүй, гэрээсээ интернэтээр л “гадуур хэсдэг”, зөөлөн талх, халуун кофе ууж өссөн эрчүүд авч явна гэдэг юу л бол. Харин хурга, тугал хариулж, жалга толгодоор хэсч, айраг цагаа идэж, адуу малтай ноцолдож өссөн эрчүүд өрх гэрээ тэргүүлж, улс орноо удирдаж ирсэн. Тэдний зарим нь хот газар өссөн ч үеийнхэнтэйгээ нударга зөрүүлж, эр хүний сайн мууг ямар нэг хэмжээгээр мэдэрч өссөн эрчүүд байдаг. Харин одоо хамгийн гол нь өнөөгийн залуус байгалиас өгөгдсөн эр хүний бие физиологийн онцлогийг алдаж эхэлж байна.
“Бөртэ чоно гэргий Гоо маралаа дагуулан тэнгис далайг гатлан ирж . . .” хэмээн “Монголын нууц товчоо”-нд өгүүлдэг. Энэ бол язгуураасаа эцгийн эрхт ёс ноёлсоор ирсэн Монголын түүх. Эр хүн ямагт манлайлагч байсаар ирсэн. Үүнийг эмэгтэйчүүд ч хүлээн зөвшөөрдөг. Тэр утгаараа өрх гэр хийгээд улс гүрнийг удирдан жолоодох үүрэг өдийг хүртэл эр хүний нуруун дээр явсаар ирсэн. Харин сүүлийн жилүүдэд эрчүүд өрх гэрийн тэргүүн гэх нэрнээс “огцрох” нь олшров. “Өрх толгойлсон эмэгтэй”-н тоо жилээс жилд өсч байгаа харамсалтай баримт байна.
Мөн л саяхныг хүртэл гэр бүл дотор эр хүний гүйцэтгэдэг үүргийг хуульчлаад өгчихсөн мэт байлаа. Айлын эр хүн, өрх гэрийн тэргүүн гэр бүлийнхээ бүхий л томоохон асуудлыг зохицуулна. Бичигдээгүй хууль. Харин өдгөө айлын эхнэр нөхөр хоёрын эрх мэдэл, үүрэг хариуцлага тэгширснээс эр хүн гэрийн хойморт ганцаараа бус хувааж суух болоод буй. Тэр ч бүү хэл, “ганзагын үе”-ээс эхлэн эр эмийн байр багагүй солигдсон тухай ярьдаг.
Яагаав, “Тунгалаг тамир” киноны Галсан “Дулмаа минь байсан ч болоосой” гээд уйлж суудаг даа. Энэ бас л өдгөөгийн нийгмийн хэсэг эрчүүдийн төрх. Телевиз, сонин хэвлэлээр бүсгүйчүүд ярилцлага өгч байна. Сурвалжлагч асуух юм. “Та эр хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ. Ямар чанарыг хүндэлдэг вэ?” гэж. Бүсгүйчүүд хариулж байна. “Эр хүн ар гэрээ аваад явчих чадвартай байвал болно. Бас хов ярьдаггүй эр хүн таалагддаг” гэж хариулах. Энэ бол бүсгүйчүүдэд тавьдаг сурвалжлагчдын нийтлэг асуулт, бас эмэгтэйчүүдийн жижүүрийн хариулт. Үнэн л дээ, манай эрчүүд ингэж л үнэлэгдэж байгаа. Эмэгтэйлэг боллоо гэхэд, хов хүртэл ярьдаг болтлоо эмшээд байхдаа яах вэ дээ. Нас нь дөнгөж гуч гарч буй боловсролтой, сайхан бүсгүйчүүд Монголоор дүүрэн байна. Тэд бас л эрчүүдийг дээрх маягаар дүгнэн, голж явдгаа нуудаггүй.
Эршүүд чанар нь зөвхөн эр хүн хэмээх бодгаль дээр байдаггүй аж. Эр байх учиртай, ийм статустай байх ёстой чухал субьект бол төр. Төр төмөр нударгатай. Энэ бол харгислал гэсэн үг биш. Зүгээр л эршүүд чанарыг илэрхийлж буй хэрэг. Харин сүүлийн үеийн, ардчилал, даяаршлыг мэдэрсэн Монголын төр хэт эх хүний, эмшсэн шийдвэрийг хэрэгжүүлж буй нь өдгөөгийн нийгмийг тэр чигээр нь эм-измд уруу татаж байгаа тухай судлаачид, эрдэмтэд хэлж байна.
Төр өрхийн тэргүүний биеэ дайчлан хөдөлмөрлөж олох ёстой мөнгийг халамж, амлалт хэлбэрээр олгож, эцгүүд, эрчүүдийг “ажилгүй болгож” байна. Бас төрийн алба хэмээх бие амар мөнгө босгодог ажлыг хэт дөвийлгөн сурталчилж, буруу бодлого явуулснаар гэрийн эзэд барилга, тариа, ногооны талбай руу биш саарал өнгөтэй байшинд тухтайхан суугаад мөнгө олохыг хүсч байна. Шууд утгаараа, ингэснээс болоод л хөөрхий эрчүүд гар хуруу нь нарийсаад эхнэрээсээ ялгагдахаа болиод байгаа юм.
“Эмшсэн эртэй гэр-улсад ёс суртахууны уламжлал хийгээд хуулийн заалт тэр бүр хэрэгждэггүй” хэмээн доктор Ц.Түвшинтөгс гуай хэлсэн байна. Үнэн үг ажээ. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д 76 нөхөр дөрвөн жилээр ээлжлэн сууж төр барьж байна. Тэд нялцгай. Шуудхан хэлэхэд, хүүхэн шиг аашилцгаана. Нам болоод талцчихсан. Хоёр үг яриад л хэрүүл, хэл амандаа тулна. Айлын хоёр хүүхэн хов ярьж, хэл ам хийж байгаа юм шиг эрх ашгийн жаахан зөрчилдөөнөөс үүдэн “Манай нам хурал хаялаа” гэж ширэв татаад гарч гүйцгээх. Уг нь тэд эр хүний алба хашиж төр барьж буй гэсэн хүндэт хэргэмтэй. Гэтэл эм зан гарган ингэж ширвэлцэх үедээ юун Монголын ард түмний эрх ашиг. Сонгуулийн үеэр муухай царайлаад санал горьдоод явж байснаа ор тас мартчихсан. Тэр үеэ санах ч дургүй байдаг биз. Хамгийн гол нь тэд анхнаасаа дээр хэлсэнчлэн эр хүн шиг мөнгө босгож, амьдралаа залгуулах хүсэлгүй учраас УИХ-д гүйж орж ирсэн. Одоо хэдхэн сарын дараа болох сонгуулиар тэдний араас Их хуралд орохоор оочерлож байгаа хэдэн зуун хүн байна гээд бод доо. Нөгөөтэйгүүр, гаргасан шийдвэр нь яг л эх хүн үрээ тэжээж байгаа мэт. Шувуу өт хорхой амандаа зуун нисч үүрэндээ байгаа дэгдээхэйдээ аваачиж өгдөг. Эх шувуу нь шүү. Үүн шиг халамж, Хүний хөгжлийн мөнгө, Эх орны хишиг гэх мэт тоо томшгүй “өт хорхойг” иргэдийн аманд аваачиж чихсээр. Зүй нь Монгол төр болбоос ингэж зүгээр мөнгө өгөх бус эрчүүдийг ажиллуулдаг, сайн цалин өгдөг хүнд үйлдвэр байгуулаад өгвөл энэ муу хэдэн залуу хэдийдээ хумсаа будах вэ дээ. Бас төрийн алба хаагчийн цалинг нам багасгаад, үйлдвэрийн ажилчныхаас даруй тав дахин бага болгоод, албаараа бизнес хийдэг бүх гарцыг нь хаая. Тэгвэл ядаж гар хуруу нь эхнэрийнхээсээ бүдүүрнэ биз дээ. Түүнчлэн төр хааяа төмөр нүүрээ гарган “нударга зангидсан” шийдвэр гаргах шаардлага цагийн эрхээр тавигдаад байгаа мэт. Шийдвэрийг эсэргүүцсэн гаднын нөхдүүд, дотоодын “дэгдээхэй” нар олон юм ярьж л байг. За гэвэл ёогүй байх эр хүний үндсэн философийг төр хэрэглэж гэмээнэ одоогийн энэ эмшсэн, нялцгай байдлыг халах цорын ганц зам болох ажээ. Эс тэгвээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас эхлээд төрийн бүхий л албыг хүүхнүүдэд хүлээлгээд өгчихье. Тэгээд бүх эрчүүдээ цэрэгт явуулж, барилга бариулж, мал маллуулж, эсхүл хүнд үйлдвэрт ажиллуулан хат суулгая. Тэгж гэмээнэ монгол эрчүүдийн ген сэргэж, эр хүний стандартад нийцэж магадгүй нь бололтой, Монголын төр ч бас.
Б.Төмөртогоо
Зохиогчийн эрх:”Өдрийн шуудан” сонин.