III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн санаачилсан Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж дэмжжээ. Тогтоолд өөрчлөлт оруулах болсон үндэслэл нь Засгийн газраас хувьчлах обьектын жагсаалтыг оруулж ирэхдээ “Эрдэнэт”-ийн дулааны цахилгаан станцыг хамруулахаар тусгасан байсан аж. Харин УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн хувьд үйлдвэр дагаж байгуулагдсан хотуудын оршин суугчдыг хямд найдвартай дулааны эх үүсвэрээр хангах асуудлыг төрөөс тусгайлан анхаарч дэмжих ёстой хэмээн үзэж, “Эрдэнэт”-ийн дулааны цахилгаан станцыг төрийн мэдэлд хэвээр үлдээхээр зааж өгсөн юм байна. Учир нь сүүлийн жилүүдэд хувьчлагдсан Багануурын станц, Дархан-Уул аймгийн Шарын гол станц, Хэнтий аймгийн Бэрх тосгоны дулааны станц, Увс аймгийн Улаангомын дулааны станцуудад доголдол гарч, улсаас их хэмжээний хөрөнгө зарцуулж хэвийн үйл ажиллагаанд нь оруулж байгааг харгалзан үзэх ёстой гэж үзжээ.

Харин Засгийн газраас санаачилсан Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулж Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван нарын холбогдох албаны хүмүүс бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч, асуултад нь хариулт өгсөн байна. Мөн тогтоолын 5.3-т тусгасан байсан Дулааны III цахилгаан станцыг шинэчлэх, өргөтгөх ажлын “үндэсний хөрөнгө оруулагчийг” гэснийг “үндэсний хөрөнгө оруулагчийн оролцоотой хөрөнгө оруулагчийг” гэж өөрчлөхөөр болжээ. Бүлгийн гишүүдийн хувьд Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн юм байна. Ингэхдээ Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, нүүрс тээвэрлэлттэй холбоотойгоор гарч буй сөрөг үр дагавруудыг  сайн тооцох хэрэгтэй гэж үзжээ.  Тодруулбал, одоогийн 80 МВт-ийн хүчин чадлыг 400Мвт болгох,” Дулааны V цахилгаан станцыг барих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж бүлгийн гишүүд санал нэгджээ. Гурав дахь асуудал болох УИХ-ын сонгуулийн хуулийн тухайд өнгөрсөн долоо хоногт бүлгийн саналыг УИХ дахь МАН-ын бүлэгт албан ёсоор тавьсан. МАН-ын бүлэг энэ саналыг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа хэлэлцэж байгаа тул тэдний шийдвэр гарсны дараа бүлэг уг асуудлыг хэлэлцэх ажээ. Харин нэр бүхий есөн гишүүнээс УИХ-ын даргад хандан тавьсан Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах тухай асуудлыг бүлгээр хэлэлцээгүй гэсэн мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд өглөө.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж