Монгол Улсын дотоод өрийн хэмжээ 500 тэрбум төгрөгт хүрсэн ч эргэн төлөлт сайжирч байгаа аж. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 5060.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 189.6 тэрбум төгрөг буюу 3.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1975.0 тэрбум төгрөг буюу 64 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс хугацаа нь хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 60.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 6.5 тэрбум төгрөг буюу 9.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 15.3 тэрбум төгрөг буюу 20.2 хувиар буурсан аж. Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 357.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 18.6 тэрбум төгрөг буюу 4.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 53.9 тэрбум төгрөг буюу 13.1 хувиар буурсан байна. Монгол Улсын хэмжээнд зээлийн эрэлт өсч, эргэн төлөлт сайжирсан үзүүлэлттэй гарсан нь иргэдийн амжиргааны түвшин өмнөх үеийнхээс дээшилсэн байгааг харуулж байна. Нөгөөтэйгүүр үүнийг банкуудад илүүлдэл хөрөнгө бий болсонтой холбож тайлбарлаж болох юм. Илүүдэл хөрөнгө байгаа учир банкууд хэрэглээний зээл олгох сонирхол нь давамгайлж, шаардлага багатайгаар иргэдэд зээл олгож байна.
Р.Сарангоо
"Улс төрийн тойм" сонин