Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрлөө. Өвгөн генерал М.Борбаатар тэтгэвэртээ сууж, Л.Болдд сайдын зөвлөх болсноор энэ яамны Төрийн нарийны суудал одоо болтол эзэнгүй байна. Харин энэ албаны үүрэг гүйцэтгэгчээр тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Ш.Сүхбаатар ажиллаж байгаа. Төрийн нарийн бичгийн даргын суудалд очих магадлалтай хэд хэдэн хүний нэр яригдаж буй бөгөөд Л.Болд сайдын хувьд толгой мэдэн томилох эрхгүй. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад Ш.Сүхбаатараас гадна, ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын дарга асан, хошууч генерал Я.Чойжамц, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга асан, хурандаа Г.Сайханбаяр нарын нэрс дуулдах болов. Эднээс төрийн нарийнд “нигуургүй” нь Г.Сайханбаяр хурандаа бөгөөд тэрбээр МАН-ын генсек У.Хүрэлсүхийн цэргийн сургуулийн нэг ангийн найз нь гэнэ лээ. Төрийн нарийн бичгийн даргад өөрийгөө лоббидуулахын тулд өдгөө У.Хүрэлсүхтэй орсон ч гарсан ч цуг явж, эгээ л гэрт нь хамт хонох шахаж байгаа аж. Г.Сайханбаярыг Ардын намынхантай сүжирч, сэм сэмхэн улстөрждөг гэх шалтгаанаар Л.Болд сайд ажлаас нь халаад нэлээд хэдэн сар болж буй сураг дуулдсан. Төрийн яаманд улстөржсөн хүн ажиллах ёсгүй гэж сайд үзсэн бололтой юм. Тэгэхээр салбарын сайд нь Г.Сайханбаярыг төрийн нарийнаа болгоно гэж саналтгүй. Байдал ийм дээрээ тулсан болохоор У.Хүрэлсүх Засгийн газрынхаа тэргүүнээр “яриулж”, Г.Сайханбаярыг БХЯ-нд “шахах” гэж оролдоод бас л бүтэлгүйтжээ. Намын дарга С.Батболд нь генсектээ “үгүй” гэсэн бололтой юм билээ.
Д.Дорж
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин