Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Тэнгис” кино театрын хоёр талын газрыг хувь хүн болон компанид олгосон аж. Харин энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, тухайн дүүргийн иргэд гомдоллож байна. Тэд “Засаг дарга Д.Ганболд “Тэнгис” кино театрын ойр орчмын газрыг “идээд” дууслаа. Энэ газар бол нийтийн эзэмшлийн газар. Тиймээс түүнд уг газрыг худалдах эрх байхгүй” хэмээн шүүмжилж байна. Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны иргэд дүүргийнхээ газрын албанд энэ талаар удаа дараа бичиг хүргүүлсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй аж. Харин газрын албанаас нь өдийг хүртэл “тухайн газрыг зараагүй, номын сан л барих гэсэн юм” гэсээр өдийг хүрчээ. “Тэнгис” кино театрын ойр орчмын газрын 34 хувь нь нийтийн эзэмшлийн талбай. Харин үлдсэн нь “Тэнгис” кино театрын мэдлийнх аж. Сүүлийн үед уг кино театрыг нурааж, оронд нь худалдааны төв байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэсэн “нууцхан” яриа дэлгэрээд буй.
Иргэдийн гомдлын дагуу тухайн газрыг зарсан эсэхийг Чингэлтэй дүүргийн газрын албанаас тодруулсан юм. Нэрээ нууцлахыг хүссэн Газрын албаны байцаагч нар “Энэ газрыг яг зарсан гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ манай газарт бүртгүүлээгүй компани хашаа барьж, барилга барих ажлыг эхлүүлсэн байна билээ. Иргэдээс энэ тал дээр байсхийгээд л гомдол ирүүлдэг. Бид нарийн ширийн зүйл сайн мэдэхгүй учир Засаг даргаас дэлгэрэнгүй асууж чаддаггүй. Нэг удаа манай нэг байцаагч энэ талаар Засаг даргаас асуутал өөдөөс нь загнах шинжтэй уурласан гэсэн. Тиймээс ямар нэгэн тодорхой хариулт өгч чадахгүй” гэв. “Тэнгис” кино театрын хойд талд улаан өнгийн хашаа хатгаж, барилга барих талбайг чөлөөлжээ. Харин урд талд нь цэнхэр хашаа хатгажээ. Харуулаас нь “Хаанаас олгосон эрхийн дагуу, энэ газарт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ямар компани байшин барих гэж байгаа юм” гэхэд “Засаг даргаас нь асуу. Хот тохижилтын ажлыг л хийж байгаа юм гэсэн. “GD” гэдэг компани барилга барих гэж байгаа юм билээ. Би шинээр орсон тул сайн мэдэхгүй” хэмээсэн юм.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга Я.Очироос тодруулахад “Тус газрыг дүүргийн номын сан барихаар олгосон. Хүмүүсийн яриад байгаа шиг асуудал байгаа юу гэдгийг нь мэдэхгүй. Наад асуудлаа дүүргийн Засаг даргаас тодруул” хэмээсэн юм. Харин “Тэнгис” кино театрынхан “Нэг шөнө л үүд хаалга таглан урд талд барилгын хашаа хатгаж эхэлсэн. Бид нар болиулах гэж тэмцэлдсэн боловч тэд олуулаа байсан учир хүч хүрээгүй. Улмаар дүүргийн цагдаагийн албаныхан ч тэднийг зогсоож дийлээгүй. Дараа нь энэ асуудал намжиж барилга барих ажлаа эхлүүлсэн байсан” хэмээж байсан юм. Тиймээс бүх асуудлын гогцоо болоод байгаа Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболдтой уулзахаар очсон боловч тэрбээр эзгүй байлаа. Утас цохиж энэ талаар тодруулах гэсэн боловч тэрбээр “Энэ талаар хот руу орж байгаад тухтай ярилцья. Би хөдөө ажилтай явж байна” гээд утсаа таслав. Ямартай ч энэ газар ямар учраас “GD” ХХК-ийн эзэмшил болсон талаар Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболдтой уулзаж, тодруулан дахин сурвалжлах болно.
"Улс төрийн тойм" сонин