
“Уолл стрийтийг эзэл” гэх хөдөлгөөн сүүлийн нэг сарын дотор ихэд хүчээ авч байна. Одоогоор уг хөдөлгөөн дэлхийн 1000 гаруй хотод салбартай болсон гэнэ. Анх хэдхэн хүний бүрэлдэхүүнтэй байсан уг хөдөлгөөн нэг сар гаруйхны хугацаанд АНУ-ын 70 гаруй томоохон хот, 600 гаруй жижиг хотод хэрхэн халдварлаад байгаа нь үнэхээр сонирхол татаж байна. Мөн Европын томоохон хотуудад ч уг хөдөлгөөн халдварлаж байна. Манай Монгол Улсад ч уг хөдөлгөөний эхлэл тавигдсан бөгөөд МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар уг хөдөлгөөнийг эх орондоо эхлүүлсэн байна. Уг хөдөлгөөний зорилго нь баячуудын эсрэг чиглэж байгаа бөгөөд, баян хүн жирийн ажилчин иргэдээс илүү татвар төлж байх ёстой гэсэн зорилго дээр нэгдэж байгаа юм байна лээ. Дэлхийн зарим баячууд ч энэ хөдөлгөөнд нэгдэж байгаа. Тэд “Би нэг хувь. Тиймээс би ч гэсэн өндөр татвар төлмөөр байна” гэсэн цамц өмсч байгаа гэнэ. Гэвч энэ тэмцэл, эсэргүүцлийн хөдөлгөөний эцсийн зорилго нь юу гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм. Тэд капитализмыг шүүмжилж байгаа. Гэхдээ түүний оронд ямар тогтолцоог яаж гаргаж ирэхээ мэдээгүй хэвээр. Өдийг хүртэлх хугацаанд хэн ч “Та нар ингэвэл бид тэмцлээ зогсооно” гэж мэдэгдээгүй. Хүмүүс цаасан малгай өмсч, гудамжинд олон хоногийн турш зогсож байна. Хөдөлгөөнд шинээр нэгдэн орж байгаа хүмүүс ямар үр дүнд хүрэхээ ч мэдэхгүй байна. Нөхөр С.Ганбаатар ч бас ялгаагүй. Хэзээнээсээ жагсаал, цуглаанаар гаршчихсан түүний хувьд “Эхлээд юу ч гэсэн салбарыг нь байгуулаадахъя. Тэгж байтал гадныхан ямар шийдэлд хүрэхээ тодорхойлж нэг гарц олдох биз” гэх аястай. Үнэн, үнэн. Тэгж байтал аяндаа болно биз. Юу ч гэсэн эхлээд жагсаж л байя. Энэ хөдөлгөөн манай улсад яг юу өгөх вэ. Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар ямар нэг зүйл бодсон болов уу. Монгол Улсад баян хүн байна уу, дэлхийн хүмүүсийн үзэж, харж байгаа баян хүнийг буурай монголын баянтай зэрэгцүүлэн харж болох уу гээд асуудал бол байна аа, байна. Гэхдээ С.Ганбаатрын жагсаал үр дүнд хүрэх байх аа. Нүдээ аниад, толгойгоо сэгсрээд, гайхаж шогшроод жагсаад бай даа. Гол нь үр дүн нь юу байхаа бодсон болов уу, мань хүн.
Б.Энхмөнх"Улс төрийн тойм" сонин