АН-тай дахиж ярилцахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

АН-тай дахиж ярилцахаар боллоо

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Уг хуралдааны эхэнд Сонгуулийн хуулийн талаар АН-ын бүлгийн саналыг хэлэлцсэн бөгөөд энэ тухай АН-тай дахин ярилцах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Ийнхүү дахин ярих болсон нь Ардчилсан намын санал болгосон 26 мандатыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаатай холбоотой гэнэ. Энэ талаар МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин “2008 оны сонгуулийн нэг алдаа нь намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх нөхцөл үүссэн. 26 мандатыг зөвшөөрвөл мөн л ийм нөхцөл байдал бий болно. Иймд АН-ын гаргаж байгаа саналыг дахин ярилцах хэрэгтэй байна” гэв. Түүнчлэн АН-ын бүлгээс гаргасан “Улаанбаатар хотод нийт сонгогдын 45 хувь нь сууж буй тул нийт мандатын гуравны нэг нь байх тухай” саналыг бас л шууд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ. МАН-ын бүлгийн хувьд хүн амын тооноос гадна газар нутгийг харгалзан үзэх ёстой гэсэн нь ийн шийдэхэд хүргэж.

Мөн хуралдаанаар Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбогдсон УИХ-ын 39-р тогтоолыг өөрчлөхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн аж. Бүлгийн гишүүд “Аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдахыг болиулж болох ч иргэдэд яг ямар хэлбэр зориулалтаар тараах тухай асуудал нь тодорхойгүй байна. Иймд энэ талаар илүү тодорхой тооцоо судалгааг харгалзах шаардлага байна” гэж үзээд асуудлын талаар эцсийн шийдвэр гаргаагүй байна.

Б.Манд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж