Тариалангийн салбарыг ”хэт эрхэлсэн” гэв

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Тариалангийн салбарыг ”хэт эрхэлсэн” гэв

“Улсын хэмжээнд 434.5 мянган тонн үр тариа, үүнээс 424 мянган тонн улаанбуудай хураан авлаа” гэсэн сайн ч юм шиг, нөгөө талаас нь бодоод үзвэл санаа зовоосон мэдээг сонсоод багагүй хугацаа өнгөрчээ. Санаа зовоосон гэсний учир нь үр тариа хадгалах агуулах байхгүй, улаанбуудайн борлуулалт муу байгаад оршиж буй юм. Зарим аймагт улаанбуудайг одоо ч ил талбайд хадгалж буй. Мөн тариаланчид өмнө авч байгаагүй их ургацаа борлуулахад төр засгаас ямар нэг дэмжлэг үзүүлэхийг хүлээж байгаа гэж хэлж болно. Гурилын үйлдвэрүүдийн хувьд “Дотоодын улаанбуудайн үнэ зах зээлийн ханшаас өндөр байгаа” гэсэн шалтгаанаар ОХУ-аас улаанбуудай импортолж байгаа юм.

Засгийн газар тариаланчдаас нэг тонн улаанбуудайг 350 мянган төгрөгөөр худалдан авч, 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Харин ОХУ-аас импортолж буй улаанбуудайн үнэ дотоодын улаанбуудайн үнээс 80.5 мянган төгрөгөөр хямд буюу 269 мянган төгрөг байгаа. Тиймээс хямд үнээр түүхий эд авах гэсэн гурилын үйлдвэрүүдийг буруутгах аргагүй ажээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хувьд улаанбуудайн импортын татварын хэмжээг нэ­мэх замаар  тариаланчдаа дэмжих саналтай бай­гаа юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруу­лах саналыг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр танилцуулсан юм.  Тогтоолын төсөлд  тариа­ланчдын хураасан улаанбуудайг гадаад зах зээ­лээс хамгаалахын тулд импортын татварыг 40 хувь болгон тогтоохоор заажээ. Үүнийг баталбал  до­тоодын болон импортын нэг тонн улаанбуудайн 350 мянган төгрөг болно гэсэн үг. Төсвийн байн­гын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ба­делхан танилцуулсан. Тэрбээр “Хатуу зөөлөн улаанбуудайн татварыг 15-20 хувиар, Дэлхийн ху­дал­дааны байгууллагын гишүүн бус орноос им­портолсон улаанбуудайн татварыг 40 хувь болгож нэмэх санал оруулж ирсэн. Мөн “Ажлын байрыг нэмэгдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэс­ний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүд импортын барааны гаалийн татварыг нэмэх асуудалд харилцан адилгүй байр суурьтай байгаа ажээ. Татварыг нэмлээ гэж бодоход  дотоодод гурилын хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэж, эцсийн дүндээ хэрэглэгчдийн нуруун дээр буух юм биш биз гэж хэлэх хүн цөөнгүй байсан. УИХ-ын гишүүн З.Энхболд “Айлд аав, ээжээсээ үргэлж тусламж авдаг эрх хүүхэд байдаг. Газар тариалангийн салбар яг ийм болчихоод байна.  Эрхэлж ханахгүй одоо бүр давраад гурилыг үнэтэй болгох гэж байна. Зохиомлоор татвар тавиад, түүнийг татвар төлөгчдөөс авах нь. Зах зээлийнхээ жамаар амьдрах хэрэгтэй шүү дээ. Тариаланчдад 2006 оноос урамшуулал олгож эхэлсэн. “Таван жил урамшуулал олгоно, тэгээд өөрийнхөө хүчээр амьдарна” гэж байсан. Хэдий хүртэл ингэж эрхлэх вэ” гэсэн юм. Мөн Г.Баярсайхан гишүүн “Газар тариалангийн салбарт олон тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Харин ингэлээ гээд үр дүн харагдахгүй байна” гэж байлаа. Тэдэнтэй адил байр суурьтай, “Хэт эрхлүүлчихэж” гэж хэлэх гишүүд байв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал “Монголын тариаланчид ОХУ-ын тариаланчидтай өрсөлдөж байгаа. Газар тариалангийн тоног төхөөрөмж маш үнэтэй байдаг.  2008 оноос эхлээд өндөр үнэтэй техник, технологи худалдаад авчихсан байдаг. Энэ өрнөөсөө одоог хүртэл салаагүй байгаа. Ийм үед импортын буудай хямд үнээр орж ирээд байвал зээлээ төлөх боломжгүй болно. Тийм учраас импортын улаанбуудайнд татвар тавих нь зөв юм гэж үзэж, төслийг УИХ-д оруулсан. Мөн тариаланчид ОХУ-аас оруулж ирсэн өндөр үнэтэй шатахуун хэрэглэдэг. Энэ нь ургацын үнэд нөлөөлдөг. Одоо импортын татварыг нэмэхгүй бол тариаланчдын хураасан улаанбуудай борлогдохгүй” гэсэн тайлбарыг гишүүдэд өгсөн юм. УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Дондог, нар “Тариаланчдыг дэмжих тухай хууль, тогтоол батласан. Үүнийгээ амархан нурааж болохгүй байх. Энэ жил улаанбуудайгаа борлуулж чадахгүй бол дараа жил дахин тариалалт хийх боломжгүй болно гэдгийг бодолцох ёстой” гэсэн саналтай байлаа. Гишүүдийг ийнхүү саналаа хэлсний дараа “Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргасан юм.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж