Оюутолгойгоор тоглосны хариуцлагыг хэн хүлээх бол

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Оюутолгойгоор тоглосны хариуцлагыг хэн хүлээх бол

Оюутолгойн гэрээнээс үүдэл­­тэй УИХ-ын 20 ги­шүү­ний шаардлага Засгийн газарт хүрсний дараахан “Ай­вен­хоу Майнз”-ын хувь­цаа­ны ханш хэдэнтээ хүчтэй хэл­бэлзсэн. Тухайн үед буюу өнгөрсөн есдүгээр сарын 21-нд Монголын Засгийн га­зар хуралдаж, Оюутолгойн хө­рөнгө оруулалтын гэрээг эр­гэн харах тухай ярилц­сан. Мөн энэ үеэр Монголын талын эзэмшлийн хувь хэм­жээг нэмэгдүүлж, 50 хувьд хүргэх болон нөөц ашиг­лас­ны нэмэлт төлбөрийн асууд­лаар “Айвенхоу Майнз Лими­тед” болон “Рио Тинто Интернейшнл Холдингс Ли­ми­тед”  компанитай хэлэлцээ хийх талаар ярьсан тухай дэлхийн хэвлэл мэдээллүүд гол сэдвээ болгон онцолж байв. Үүний дараа “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа Нью-Йор­кийн хөрөнгийн бирж дээр 12 хувиар буурсан. Тэр үед “Айвенхоу Майнз” Мон­голын Засгийн газартай байгуулсан Оюутолгой” төс­лийн  2009 оны хөрөнгө оруу­лал­тын гэрээг өөрчлөхгүй гэ­сэн мэдэгдлийг хэвлэл, мэ­­дээллийн хэрэгслээр хан­галт­тай цацсан ч тус ком­панийн хувь­цааны ханш Нью-Йорк болон Торонтогийн хөрөн­гийн бирж дээр ийнхүү савласаар бай­сан юм.

Харин саяхан Шведийн “Credit Suisse” банк Монголын Засгийн газар Оюутолгой төсөл дэх эзэмшлийн хувиа 50 болгож нэмэгдүүлсэн ч “Айвенхоу”-гийн хувьцаа буурахгүй, 25 канад долларт хүрнэ гэж үзжээ. Уг таамаглалтай “Маcquarie”, “BMO” зэрэг томоохон банкуудаас гадна “TD Securities” санхүүгийн байгууллага ч санал нэгдсэн талаар “mining.mn” сайт мэдээлсэн байна. Тэр ч байтугай “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа ирэх 15-30 жилд 25 канад доллараас буухгүй хэмээн дээрх байгууллагууд тооцоолсон аж. Томоохон банк, санхүүгийн байгууллагууд ийм дүгнэлт хийснээс үзэхэд Оюутолгой төсөл ихээхэн ашигтай нь харагдаж байна. Тиймээс ч “Энэхүү дүгнэлт нь Монголын Засгийн газар эзэмшлийн хувиа тэлсэн ч хөрөнгө оруулагчдын байр суурь Оюутолгой төслийн хувьд итгэлтэй хэвээр байхыг илэрхийлж байгаа юм” хэмээн Монголын уул уурхайн салбарын мэдээлийн ууган агентуудын нэг онцолжээ.

 “Айвенхоу Майнз” компанийн нэгж хувьцааны үнэ нь наймдугаар сарын эхээр 25 канад доллар байсан бол аравдугаар сарын 4-нд бараг 50 хувиар буурч 12.97 канад долларт хүрээд байсан юм. Харин өчигдрийн байдлаар “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн бирж дээр 17.5, Нью-Йоркийн биржид 17.14 канад долларын ханштай байв. Ямартай ч дээрх таатай дүгнэлт биелэлээ олох үндэстэй байна гэж үзэж болохоор байгаа. Дашрамд дурьдахад “Айвенхоу Майнз”-ын эзэмшлийн 48.5 хувийг “Рио Тинто” групп эзэмшдэг бөгөөд өнгөрсөн наймдугаар сард хувьцаагаа 49 хувь болгон өсгөсөн. Ирэх оноос төслийн эхний шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” төсөлд хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Тэд Оюутолгой төслөөс эхний арван жилийн хугацаанд жилд дунджаар 650 мянган унци алт, гурван сая унци мөнгө, 544 мянган тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа.

Нөгөөтэйгүүр “Айвенхоу Майнз” компанийн гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээг “Монголын хууль тогтоомжийн дагуу байгуулсан шударга гэрээ” гэж үзэж буйгаа мэдэгдэж байсан бол энэ удаа  “Айвенхоу Майнз” компанийн зүгээс Монголын Засгийн газарт явуулсан мэдэгдэлдээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол оронд асар их боломж буйг  хөрөнгө оруулагчдад харуулж, итгэл төрүүлэх эхлэл болсон” гэдгийг онцолжээ. Харин гэрээнд өөрчлөлт оруулах санал оруулагсдын нэг, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Гэрээг хуулийн дагуу байгуулсныг бүгд мэднэ. Гэхдээ энэ гэрээг өөрчлөх ёстой. Гадаадын компаниуд хөрөнгө оруулахдаа маш их эрсдэл хүлээдгийг бид ойлгож байна. Гэвч гэрээнд хоёр талын ашиг сонирхлын аль алиныг харгалзаж үзэх ёстой. Бизнест итгэл хамгийн чухал. Гэрээ гэдэг дахин хянаж, өөрчлөхийн тулд байгуулдаг зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээнд ойрын хугацаанд өөрчлөлт оруулж, төсөлд хөрөнгө оруулсан компанийн хөрөнгийг буцаан олгоно. Гэрээнд өөрчлөлт оруулахад 5-10 жил ч шаардагдаж болзошгүй” гэж мэдэгдээд буй. Харин энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Оюун ”Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаар гишүүд нэгдсэн саналд хүрээгүй. Оюутолгойн гэрээг нэгэнт баталсан болохоор энэ асуудлыг дахин сөхөх шаардлагагүй” гэж хэлсэн юм.

 Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Бид нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нэгэнт гадаадынхан хөрөнгөө гаргаад, тухай үеийн хууль журмаар эрэл хайгуулалтыг  хийж үйлдвэр бай­гуулах хүртэл судалгаа хийсэн нь үнэн. Тэгэхээр үүнийг олон салбарт хөрөнгө оруулж, олон улсын төвшинд уул уурхайн чиглэлээр ажилладаг зарчмыг үндэслэж хийсэн гэрээ. Энэ гэрээг нэлээд урт хугацаанд хэлэлцэж байж Засгийн газар УИХ-аар дамжуулж баталсан шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Бүр гэрээгээ хууль болгоё гэж ярьж байсан зүйлүүд ч бий. Ингэж анхны гэрээ байгуулснаас хойш нэлээд хэдэн жил өнгөрсөн. Энэ хугацааг алгуурлалаа гээд хожоод байсан зүйл алга. Цаг хугацаа бол үнэт капитал гэж яригддаг. Үүнийг ашиглаж, цалин тэтгэврээ нэмэх, ард түмнийхээ амьдралыг сайжруулах гээд олон асуудал цаг хугацаа хүлээлгүй гарч ирж байна. Байдал ийм учраас гарцаагүй гэрээ байгуулах шаардлага байсан уу гэвэл байсан.

Гэхдээ бид энэ гэрээг Засгийн газар санаачилж, энэ УИХ баталчихвал гавьяа байгуулчих болов уу гэж бие биенээ хардах хэрэггүй. Нэгнийхээ хийсэн ажлыг нураах хэрэггүй юм. Ингэж тал талаас нь хэмлээд, энэ алдаатай, хамгийн муу гэрээ боллоо гээд шүүмжлээд суухаасаа илүү тал талаасаа дэмжиж ярилцаад явах ёстой гэж бодож байна. Ингэхэд энэ гэрээг чинь бид нэлээд олон талаас нь ярилцаж байгаад УИХ-аар баталсан шүү дээ. Тэгэхээр Оюутолгойн гэрээг өөрсдөө баталчихаад араас нь чулуу шидээд байж болохгүй. Ер нь бол 50-иас дээш хувийг өөртөө авъя гэдэг яриа бол анхнаасаа л байсан. Анхны үйлдвэр барьж байгуулах хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл хугацаанд бол ийм зүйл ярихгүй гэсэн. Энэ бүгдийг нөхсөний дараа 50-иас дээш хувийг ярих ёстой. Гэрээнд чинь хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөх вэ, үр ашгаа хэзээ өгч эхлэх вэ, монголчууд хэдий үед нь хувиа нэмэх вэ гээд тодорхой заачихсан байгаа. Энэ цаг үедээ саналаа тавиад л хувь нэмэх тухай ярих байсан. Түүнээс биш өнөөдөр ажил дөнгөж эхлээд хөрөнгө оруулалт ч дөнгөж орж байхад ийм зүйл ярьж болохгүй. Олон улсын хэмжээнд яригдах бидний нэр хүндээс эхлээд олон асуудал дагуулна гэж бодож байна хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

 Түүний яриа төрийн хүний ноён нурууг харуулж, болоод өнгөрсөн явдал, хэн, хэзээ, юу хэлснийг ч тод санаж байгаагаа хариуцлагатайгаар хүлээн зөвшөөрөх чадварыг нь харуулсан юм. Харин өнгөрснийг мартсан дүр эсгэн мэдэн будилж буй гишүүдийн цаад зорилго улам тодорхой болсоор байгаа. Учир нь өнөөдрийн байдлаар дээрх 20 гишүүний талаас илүү хувь нь Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-аар хэлэлцүүлэхээр гарын үсгээ зураад байна. Улстөржиж болно. Харин эдийн засгийн амин чухал асуудал, тэр тусмаа хөрөнгө оруулагчдын итгэл найдвараар тоглож болно гэж үү. Тэд эх орончид мөн үү гэдэг асуудал сэтгэл эмзэглүүлж байна.

Хөрөнгө оруулалтын гэрээг дахин өөрчилж болзошгүй гэсэн мэдээлэл хэдийнэ авсан Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн удирдлага Монголын тал тус ордын ашиглалтын явцад хэдий хэмжээний шууд болон шууд бус ашиг хүртэхийг Лондонд ч, Улаанбаатарт ч мэдээлж байсан. Энэ нь Монголын улстөрчид Оюутолгойн гэрээг дахин хөндөх сонирхлоо улс төрийн сонирхлоосоо ялгаж салган асуудалд ултай хандана гэж итгэснийх биз. Гэвч зэсийн үнийн уналт, эдийн засгийн хямралын сураг чимээн дээр Монголын улс төрийн тогтворгүй байдал нэмэгдвэл ямар үр дүнд хүргэх нь шаардлага тавьж буй нөхдөд тун хамаагүй бололтой. Харин энэ үед дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Монголын тал хөрөнгө оруулалтад хуруу нэмэрлээгүй ч хувиа өсгөхөөр шийдсэн нь шударга бус” хэмээн үзэж буй хөрөнгө оруулагчдын байр суурийг амархан цацаж амжина. Үр дүнд нь хэн хожихыг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн харуулах биз.  Яаж ч бодсон Оюутолгойгоороо тоглосны хариуцлагыг УИХ-ын гишүүд хүлээж таарна. Учир нь Засгийн газар гэрээ байгуулахдаа УИХ-ын 57 дугаар тогтоолыг гол удирдамжаа болгосон. Гэрээнд өөрчлөлт оруулсан ч тэд хариуцлага хүлээнэ. “Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах нь гол биш ээ, зүгээр л Засгийн газрыг огцруулах гэсэн юм” гээд өнгөрсөн ч УИХ хариуцлага хүлээж таараад байгаа юм. Тэд одоо Төрийн тэргүүнийг хүртэл Оюутолгойн талд байна уу даа хэмээн хардаад эхэллээ. Гэвч Үндсэн хуулийн дагуу төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ шүү дээ. Тэдэнд сайн, муу бүх хүч буй.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж