НҮБ-ын Хүний эрхийн комиссынхон М.Каддафийн үхэлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг эхлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Тэд Ливийн дарангуйлагчийг зэрлэгээр хөнөөсөнд дургүйцэж байгаа аж. Ливийн түр Засгийн газар энэхүү саналыг хүлээн авсан байна. М.Каддафийн амьдралын сүүлийн мөчийг харуулсан хоёр бичлэг цацагдсан. Эхний бичлэгт М.Каддафи амьдаараа олзлогдсон тухай, хоёр дахь бичлэгт нь түүний амьгүй болсон цогцосыг Ливийн босогчид хэрхэн зэрэмдэглэж байгаа тухай гарчээ. Ливийн түр Засгийн газрын тэргүүн Махмуд Жибрил түүнийг олзлогдохдоо гарандаа буудуулсан байсан гэсэн. Харин цогцсонд нь шинжилгээ хийсэн эмчийн дүгнэлтэд “Нарийн гэдэс, тархиндаа буудуулж амиа алдсан” хэмээн онцолсон юм. Харин Хүний эрхийн комиссынхон буудалцааны үеэр амиа алдаагүй М.Каддафи эмнэлэгт хүргэгдсэн бол амьд үлдэх боломжтой байсан учир энэ хэргийг шалгахыг хүсчээ. Харин М.Каддафийн эхнэр Сафия Фаркаш нөхөр болон хүүхдүүдийнхээ цогцосыг гэр бүлийнхэнд нь өгөхийг шаардсан байна. Одоогийн байдлаар Ливийн түр Засгийн газар ямар нэгэн хариу өгөөгүй байгаа.
М.Каддафиг Засгийн эрхэнд байх үед түүнтэй гар барин инээмсэглэж байсан Б.Обама Ливийн Засгийн газарт зэвсэг худалдаж байв. Зөвхөн Ливи гэлтгүй Йемен, Бахрайнд америкчуудын гар хүрч байлаа. Олон арван жилийн туршид ард түмнээ дарангуйлсан гэх удирдагчидтай нь Ж.Буш, Б.Обамагийн аль, аль нь найрсаг хамтын ажиллагаатай байхыг эрмэлзэж байж. Гэвч газрын тосны эрэлт хэрэгцээ өдөр ирэх тусам нэмэгдэж, харин нөөц нь хомсдож байгаа тухай мэдээлэл тасрахаа больсон энэ үед НАТО Ливи рүү цэргээ оруулж, ард түмнийг дарангуйлан захирагчаас нь салгахаа амласан юм. Эцсийн дүнд тэдгээр орны иргэдийнх нь аж амьдрал сайжирч байгаагүй л болохоос биш АНУ-д Афганистан, Иранд явуулж байсан цэргийн ажиллагааны арвин туршлага бий. Харин Арабын хувьсгалын хамгийн дуулиантай үйл явдал болох хэрцгийгээр зэрэмдэглүүлсэн М.Каддафигийн үхэл мусульманчуудыг томоотой байхыг сануулсан дохио байв уу гэлтэй.
Дэлхийн газрын тосны нөөцийн 60 орчим хувь нь Ойрхи Дорнодод бий. Тиймээс АНУ, НАТО-ийн цэргийн ажиллагаа энэхүү бүс нутагт өргөжиж байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Нэг л өдөр америкчуудын дараагийн бай газрын тосны асар их нөөцтэй Саудын Араб болж магадгүй. Хэрэв тэр үед эрхэм дээд ханхүү нь баялгаа гаргаж өгөхөөс цааргалавал түүнийг “каддафидаж” мэдэх л байх. “Аль Жазийра” агентлаг М.Каддафиг үзэн ядах суртал ухуулгаар хүмүүжсэн шинэ үеийнхэн Ливид бий болж байгааг шүүмжлээд “Түүнийг Ливийн удирдагчийн ёсоор нэр төртэй оршуулбал АНУ, Европын заналхийлэлд өртсөн Ливийн ард түмэн бахархал, үнэт зүйлээ алдахгүй хэвээр үлдэнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэгчлэн улс орныг нь 42 жил удирдсан хүнийг харийнхны элэг доог болгож, шившигтэйгээр харуулах нь бүхэл бүтэн нэг үеийн түүхээ үгүйсгэж байгаа хэрэг юм.
Уг нь М.Каддафи 1969 онд Засгийн эрхэнд гарснаасаа хойш Ливийн улс төр, эдийн засгийг бүхэлд нь шинэчлэхийг зорьж байв. Энэ хооронд цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөж, олон улсын террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлж байсанд нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейган уурлаж, “Ойрхи Дорнодын галзуу нохой” хэмээн нэрлэж байжээ. Ямартай ч М.Каддафи амь үрэгдсэнээр барууны удирдагчдын санаа амарсан ч Ливид эмх замбараагүй байдал намжих болоогүй хэмээн шинжээчид дүгнэсэн байна.
“Аль-Кайда” бүлэглэлийн удирдагч Осама Бин Ладен амиа алдсан тухай мэдээлэл цацагдах өдөр Их Британийн ханхүү Уильямын гэрлэх ёслол болсон юм. Тэр үед “Телеграф” сонины нэгдүгээр нүүрэнд залуу хосын хуримын зураг “Осама Бин Ладен амь үрэгдлээ” гэх тайлбарын хамт гарч байв. Тохиолдлоор давхацсан энэхүү үйл явдлын алийг нь чухалд тооцохоо мэдээгүй Английн хэвлэл, мэдээллийнхэн нэлээд сандарч байж. Харин энэ удаад Барак Обамагийн инээмсэглэн даллах дүрс М.Каддафийн зэрэмдэглүүлсэн цогцосны зурагтай хамт өрөгджээ. Тохиолдлоор давхцаагүй энэ үйл явдал эрх ашгаа хамгаалах хүсэл ямар хүчтэй болохыг харуулах мэт.
"Улс төрийн тойм" сонин