УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Сонгуулийн тогтолцоог 48:28 хувилбараар явуулах саналыг Ардын намынхан гаргасан. Харин танай намын бүлэг 26 тойргоор хэвээр нь явуулах тухай ярьж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлийг тодорхой үе шаттайгаар хийж байна. Одоогийн байдлаар 48:28 буюу 48 нь мажоритари, 28 нь пропорциональ хэлбэрээр явуулах зэрэгцүүлсэн сонгуулийн хувилбарыг хэлэлцэж байгаа юм. Ардчилсан намын хувьд жижигсгэсэн тойргоор бус 26 тойргоор явуулна гэсэн байр суурьтай байгаа. Ер нь нутаг дэвсгэр, хүн амын тоог харгалзах тухай сонгуулийн зарчим бий. Бид 26 тойргоос нэг, нэг гишүүн сонгож, 50-ийг нь пропорциональ системээр явуулъя гэсэн анхны байр суурийнхаа дагуу нутаг дэвсгэрийн төлөөллийг аймаг, нийслэлийн түвшинд явуулах ёстой гэсэн санал юм. Энэ асуудлыг зөвшилцөж, тохиролцож болох байх.
-Мажоритари систем болох 48-ыг 26 тойрогт явуулахдаа яана гэсэн үг вэ?
-Мажоритари 48-ыг 26 тойрогт явуулахдаа хүн амын тоог харгалзана. Монголд 76 гишүүнтэй парламентыг сонгоход нэг мандатад дунджаар 57.4 мянган хүн ногддог. Тиймээс ер нь энэ жишгээрээ байх юм. Харин тодорхой аймгуудад гуравны нэг хэмжээний гажилттай байна.
Өөрөөр хэлбэл 76 мянгаас дээш хүн амтай аймаг хоёр мандаттай байна гэсэн үг. Нийслэлийн тухайд мандатын тоог цөөрүүлнэ. Гэхдээ хүн амын гуравны нэгээр цөөрүүлж, тогтоосон хэмжээнээс хэт хазайж болохгүй. Мөн нэр дэвшигчид тойргоосоо шууд сонгогдож болно. Хэрэв ингэж сонгогдоогүй бол тойрогтоо авсан саналынхаа хувиар жагсаалтад байр эзлүүлэх замаар пропорциональ суудлын хуваарилалтад оролцох боломжтой болох юм.
-Дөрвөн аймаг нэг мандаттай, бусад нь хоёр мандаттай байх санал бий. Харин нөгөө талаас нийслэлийн мандатыг цөөрүүлэхгүй гэж буй нь ямар учиртай юм бол?
-Бидний тооцоолж буйгаар хоёр хувилбар байгаа юм. Энэ нь нэг мандаттай 10, хоёр мандаттай ес, гурван мандаттай нэг, бусад суудал нь нийслэлд байна. Жишээ нь Увс аймаг 73 мянга, Өвөрхангай аймаг 110 мянга гаруй хүн амтай. Ингэхээр 114 мянган хүн амтай байвал гурван мандаттай байх учиртай. Тэгэхээр хүн амын тооноос хамаарч Увс аймаг хоёр мандаттай, Өвөрхангай аймаг гурван мандаттай байна. Ингэвэл аймгууд дахь тойргуудаас 33, нийслэлийн зургаан тойргоос 15 нэр дэвшигч гарна. Энэ талаар тохиролцож болно. Түүнээс биш аль нэг намд илүү санал авчих газрууддаа их мандаттай болгоё гэсэн атгаг санаа байхгүй байх. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батласны дараа цаашид байнга мөрдөх учир муу санаа агуулах зорилго, шалтгаан байж болохгүй.
-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд сонгуулийг шударга явуулах тал дээр сайн анхаарч чадсан уу?
-Уг хуульд хамгийн гол нь сонгуулийг шударга явуулах, санал тоолох системийг боловсронгуй болгох, амлалтуудыг хязгаарлах, хандив, санхүүгийн байдлын хяналтыг сайжруулах гэх мэт олон асуудлыг зохицуулсан. Ер нь сонгуулийн нэрсийн жагсаалтыг ил тод бүртгэхээс эхлээд сонгогчдын санал давхардахгүй, саналыг хүний хүчин зүйлийн оролцоогүйгээр тоолж, дүн гаргах нь чухал. Мөн сонгуулийг шударга явуулахын нэг гол утга учир нь иргэд өөрсдөө чөлөөт сонгогчид байх ёстой. Өөрөөр хэлбэл мөнгөнөөс хараат байх байдлыг урьдчилан болон тухайн үед нь арилгахгүй бол шударга сонгуулийн тухай ярих ч хэрэггүй. Энэ нь сонгуулийн дараа УИХ-ын гишүүдэд үл итгэх, мөнгөө баяжуулахын төлөө ажиллаж байна гэсэн хардлагаас зайлсхийх боломжийг олгохгүй. Цаашлаад парламент төрийн нэр хүндийг олон нийтийн өмнө унагадаг гэх яриа гарна. Энэ утгаараа Сонгуулийн тухай хуульд сонгогчдын саналыг худалдаж авбал яах ёстой талаар тусгасан байгаа. Гэхдээ дутуу зүйл бий.
-Жишээ нь юу дутуу гэж?
-Хэн нэгэн хүн тодорхой тойрогт олон зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж болно. Гэхдээ дараа нь “би та нарт хандив өгч, зудын хүнд байдлын үеэр тусласан” гэж хэлэх замаар сонгогчдыг өөрсдийнхөө барьцаа болгох ёсгүй. Иймээс сонгогчдыг барьцаалсан хүнийг сонгуульд нэр дэвшүүлэх үү, үгүй юү гэдгийг сонгуулийн харилцаагаар зохицуулж өгөх хэрэгтэй юм.
-УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамтад нь явуулах тухай яриа их гарч буй. Энэ нь төсвийг хэмнэнэ гэж нэг хэсэг нь ярьж байхад зарим нь улс даяар хэтэрхий улстөржилтийг бий болгоно гэж үздэг. Таныхаар хэрхэн явуулбал зохистой вэ?
-Миний хувьд орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулах нь маш зөв шийдэл гэж боддог. Яагаад гэвэл бүтэн жилийн хугацаанд улстөржих байдлыг арилгаж байгаагаараа харин ч ач холбогдолтой. Мөн хоёр сонгуулийг хамтад нь явуулбал сонгогчид саналаа нэгдмэл байдлаар өгөхөд тустай. Орон нутаг харьцангуй биеэ даасан боловч төрөөс батлах хуулийн бодлогоос шууд хамааралтай байдаг. Энэ харилцан хамаарал нь сонгогчдын сэтгэлд орших ёстой. Нөгөө талаас төсөв зардлын хувьд ч илүү өртөг багатай болно. Төсвийн хөрөнгөөс гадна улс төрийн намуудаас гарах зардал ч багасах юм. Мөнгө их зардаг сонгуулиас татгалзах гэж байгаа л бол орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулах нь чухал.
-Тэгэхээр хамтад нь явуулснаар сөрөг үр дагавар гарахгүй гэж ойлгож болох уу?
-Аливаа зүйл эерэг, сөрөг талтай. Сөрөг зүйл гэж чухам юуг хэлж байгаагаас асуудал гарна. Санал тоолох, дүгнэх зэрэг хүндрэл гарч болно. Гэхдээ санал тоолох системд автоматжсан системийг нэвтрүүлсэн тохиолдолд бэрхшээл арилна. Ингэж хамтад нь явуулснаар сонгуулийн хороонд ажиллах хүмүүс хүрэхгүй гэх яриа гарч байгаа. Ер нь сонгууль явуулах техник ажиллагааг хялбаршуулсан тохиолдолд хүмүүсийн төсөөлж буй хүндрэлүүд гарахгүй.
-Намын дарга нар ирэх сонгуулиар мөнгө амлахгүй гэсэн. Харин сонгууль дөхөхөөр мөнгө амлаад эхэлдэг нь гэм биш зан шүү дээ. Дахин амлахгүй гэх баталгаа бий болов уу?
-Бид үүнийг Сонгуулийн тухай хуулиар баталгаажуулж байна. Сонгуулийн хамгийн том зүйл бол улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр юм. Энэхүү мөрийн хөтөлбөрт тодорхой хэмжээгээр аудит хийж, хэрэгжүүлэх гээд байгаа арга хэмжээнүүд нь манай улсын эдийн засгийн одоогийн болон бий болох чадамжтай харьцуулахад бодитой байж чадах уу гэдгийг дүгнэх хэрэгтэй. Үүнээс хэтрүүлсэн зорилт, мөнгө шаардсан, биелэхгүй байх ийм зүйлүүдийг намын мөрийн хөтөлбөртөө оруулах ёсгүй. Мөн улс төрийн намын хөтөлбөрөөс гадна нэр дэвшигч илүү зүйл амлах ёсгүй. УИХ-д нэр дэвшигчид төрийн бодлого ярихаас биш аймагт ийм юм хийнэ гэж ярих учиргүй. Ингэж ярих хүмүүс нь гагцхүү аймгийн иргэдийн төлөөлөгч, удирдлагууд нь юм.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал хориг тавина гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдсэн. Сонгууль дөхсөн энэ үед Үндсэн хуулиар оролдох хэрэггүй гэдэгтэй санал нийлдэг үү?
-Одоогийн УИХ хууль батлаж түүнийг нь дараагийн парламентын бүрэлдэхүүн хэрэглэнэ гэж нэмэлт өөрчлөлт оруулж болдог. Өмнө нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад мөн ингэж байсан. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа одоогийн парламент хэрэглэхгүй. Харин дараагийн УИХ-ын үед хэрэгжүүлэх маягаар одоо бэлдэцийг нь хийж болно. Ерөнхийлөгч ч үүнийг дурьдаж байгаа. Түүнээс биш нэмэлт өөрчлөлт оруулж сонгуулиар 99 гишүүнтэй болох тухай яривал сонирхлын зөрчил үүснэ гэсэн үг. Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа дээр хэлсэнчлэн дараагийн парламент мөрдөөд явах байдлаар өөрчилж болно гэж бодож байна. Ер нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломж тун ховор. Учир нь өөрчлөлт оруулахын тулд нийт гишүүдийн дөрөвний гурвын саналаар дэмжиж байж батладаг. Нэг үгээр хэлбэл улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшил үүссэн тэр үед л өөрчлөлт оруулдаг.
-УИХ-ын гишүүдийг 99 болгох боломж бий юү. Ингэснээр эерэг үр дагавраас сөрөг нь илүү давамгайлах юм шиг санагдаад байх юм?
-УИХ өнөөдөр гишүүдийн тоог 99 болгож батлана гэдэгтэй санал нийлэхгүй байна. Анх улсын Бага хуралд тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбатаар ахлуулсан Үндсэн хуулийг боловсруулах комисс байгуулагдаж, төслөө Бага хуралд өргөн барьсан. Үүний дараа Бага хурал Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж, ард нийтийн хэлэлцүүлэгт оруулсан юм. Тэгээд Бага хурал дахин хэлэлцэн боловсруулж, Ардын их хуралд оруулсан. Тухайн үед ийм үйл явц болсон. Үүнтэй адил одоо хуульд өөрчлөлт оруулахдаа энэ бүгдийн уялдааг бодох хэрэгтэй. Тухайн үед УИХ-ын гишүүдийн тоо 75, 105 байна хэмээн хэлэлцэж байгаад 76 гишүүнтэй болсон. Ер нь 76 гишүүний гуравны хоёр нь байгаа тохиолдолд шийдвэр гаргана гэж заасан. Өөрөөр хэлбэл 51 гишүүн байгаа нөхцөлд чуулган хуралдах ёстой юм.
-Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно гэдгийг оруулах гэж байгаа. Үүнд та хэрхэн хандаж байна вэ?
-Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь УИХ гишүүн байх нь хоёр хүчин зүйлээр зохистой биш байгаа юм. Энэ нь УИХ Засгийн газрын хэт нөлөөлөлд орно. Мөн Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнийхээ үүргийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд хязгаарлагдмал болдог. Үүнээс үүдэн Засгийн газрын гишүүдийн УИХ-д байж болох тоог хязгаарлах нь зүйтэй юм. Гэхдээ үүнийг Үндсэн хуулийн түвшинд хязгаарлахгүй байж болдог. Харин Засгийн газрын тухай хуульд тусгаж болох юм.
-Парламентыг муу ажиллаж байна гэж шүүмжлэх хэсэг байдаг. Таныхаар ямар үнэлэлт өгөх вэ?
-Би парламентын гишүүн учир өөрөө өөртөө дүн тавихгүй. Гэвч энэ парламентад томоохон үүрэг ногдсон. Юу гэвэл улс төрийн хоёр том хүчин хамтарсан Засгийн газар байгуулсан явдал. Энэ үүднээс эдийн засгийн хурдацтай өсөлт, уул уурхайн дэвшил, дэлхийн улс орнуудын Монгол дахь сонирхол, Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцаа зэрэг нь УИХ-аас гаргаж буй шийдвэр Засгийн газрын хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай шууд холбоотой. Иймээс үүнд сэтгэл ханамжтай байдаг. Гэхдээ зарим асуудалд хэт эргэж буцан, гаргасан шийдвэрээ өрөөсгөлөөр тайлбарладаг. Ингэснээр хэрэгжилтдээ саад учруулдаг байдал ажиглагддаг. Үүнийг зохистой гэж үзэхгүй. УИХ өөрийнхөө гаргасан шийдвэрээс эргэж буцахгүй байх хэрэгтэй.
-Засгийн газрыг огцруулах шаардлагыг өргөн барьчихлаа. Та үүнийг юу гэж үзэж байгаа вэ?
-Сонгуулийн өмнө энэ богино хугацаанд Засгийн газрыг огцруулах асуудлыг хэзээ ч дэмжихгүй. УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулах тухай санал гаргах эрхтэй. Бүр 19 болон түүнээс дээш гишүүд гарын үсэг зурсан бол УИХ заавал хэлэлцдэг. Өнөөдөр Засгийн газрыг огцруулах гэхээс илүүтэйгээр УИХ гүйцэтгэх засаглалыг зайлшгүй шаардлагатай шийдвэрээр хангах, Тавантолгойн төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах, тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газрыг шахаж ажиллуулах ёстой юм. Хэрэв хэрэгжилт нь сул байвал байнгын хороо чиглэл зөвлөмж өгч ажиллах хэрэгтэй. Нэг ёсондоо Засгийн газар муу байна гэж буруугаа чихэх бус УИХ Засгийн газрыг сайн байлгахын тулд юу хийх ёстой вэ гэдгийг “огцруулах” гэдэг нэг цонхоор харалгүй бодох учиртай.
-Улс төрийн намууд санхүүжилтээ янз бүрээр босгодог. Харин танай намын хувьд нэр дэвшигчдээсээ 50 сая төгрөг авч байгаа. Үүнийг зөв гэж боддог уу?
-Улс төрийн намын санхүүжилт ил тод, нээлттэй байх ёстой. Энэ утгаараа Ардчилсан нам том жишиг бий болгосон. Нэр дэвшигчдээс авч буй татвар тэртээ тэргүй сонгуульд зарцуулагдана. Тиймээс үүнийг дэмжиж байгаа.
-Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүхийн хооронд намын нэртэй холбоотой маргаан үүсэх болсон. Шүүхийн байгууллага улстөржиж уг нь болохгүй. Гэтэл яагаад ийм байдал үүсгээд байна вэ?
-Би шүүхийн байгууллагыг улстөржсөн гэж үзэхгүй байна. Ингэж үзнэ гэдэг нь шүүхийн хараат бус байдалд халдах гэсэн оролдлого болно. Асуудал нь Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намын нэр, өмч, бэлгэ тэмдэг зэргийг тодорхой хугацааны дараа бусад нам хэрэглэж болохгүй хэмээн заасан. Мөн өөр нэг заалт нь намын нэр, бэлгэ тэмдгийг өөр нам болон шинээр байгуулагдсан, салж гарсан нам хэрэглэж болохгүй гэдэг. Энэ талаар маргаан үүсгэхээр Үндсэн хуулийн Цэц тодорхой хугацаа заасныг нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг. Харин нийтлэг заалтыг нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн байдаг. Шүүх бол Үндсэн хуульд нийцсэн хууль л хэрэглэнэ. Хэрэв Дээд шүүхийнхэнд Үндсэн хуульд нийцэж байна уу, үгүй юү гэсэн эргэлзээ төрвөл Үндсэн хуулийн Цэцэд саналаа тавьдаг. Цэц “нийцэж байна” гэвэл хэрэглэдэг. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэц яагаад нийтлэг заалтыг нь хуульд “нийцэж байна” гээд хугацаа заасныг нь “нийцэхгүй байна” гэсэн юм бэ гэдэг асуултыг тавих хэрэгтэй. Уг асуудлын гол учир нь шүүх дээр бус Цэцийн гаргасан хоёр өөр шийдвэрт л байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин