WTA буюу Мэргэжлийн эмэгтэй теннисчдийн холбооны улирлын хамгийн сүүлийн тэмцээн болох WTA Championships-ын сугалаа өчигдөр Туркийн Стамбул хотноо боллоо. Сугалаа ёсоор цагаан хэсэгт Мария Шарапова /ОХУ/, Виктория Азаренка /Беларусь/, Ли На /Хятад/ болон Саманта Стосур /Австрали/ нар багтсан бол улаан группт Каролина Возняцки /Дани/, Петра Квитова /Чех/, Вера Звонарева /ОХУ/, Агнешка Радванска /Польш/ нар таарчээ.
Тэмцээний ганцаарчилсан төрөлд теннисчид хэсэгтээ тойргоор тоглоод, хэсэг тус бүрт эхний хоёр байрт бичигдсэн теннисчид хагас шигшээд шалгарч, өрсөлдөх дүрэмтэй. Мөн хосын төрөлд дөрвөн хос өрсөлдөх юм.
WTA Championships тэмцээн Стамбул хотноо энэ сарын 25-30-нд болох бөгөөд дэлхийн топ найман эмэгтэй теннисчин болон эмэгтэй, хосын төрөлд чансаагаар тэргүүлж буй топ дөрвөн хос өрсөлдөх юм. Тэмцээний шагналын сан таван сая ам.доллар ажээ.
С.Цэлмэг