Өвөр Монголын Ордос хошууны Хөхтолгой Гачаа хэмээх газар Өвөрмонгол малчин эрийг Хятадын газрын тос тээвэрлэгч том оврын ачааны машинаар дайрсан хэрэг дахин гарчээ. Өнгөрсөн аравдугаар сарын 20-нд нутгийн малчин Зоригт малын бэлчээрт замбараагүй давхигч ачааны машинуудыг оруулахгүй гэж эсэргүүцсэний төлөө амиа алдсан байна. Дээрх явдлаас таван сарын өмнө Өвөр Монголын Шилийн гол аймгийн малчин Мэргэнийг Хятадын нүүрс тээвэрлэгчид дайрч алсан хэргийн улмаас нутгийн иргэд эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өрнүүлсэн билээ. Зоригт дайруулсан өдрөө орон нутгийн эмнэлэгт нас барсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Хөхтолгой Гачаа нутгийн малчин эрчүүд малын бэлчээрийг сүйтгэж, мал хөрөнгийг нь дайрч, хяддаг Шүүрхэй газрын тос тээвэрлэгч компанийн жолооч нартай байнга тэмцэлддэг бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа зодуулж, эмнэлэгт эмчлүүлж байсан юм байна. Дээрх хэргийн улмаас Өвөр Монголчууд үймээн дэгдээж болзошгүй гэж сэрэмжлэн Хятадын Синьхуа агентлаг дээрх хэргийг зам тээврийн осол гэж бичсэн гэнэ. Хүний амь хөнөөсөн газрын тос тээвэрлэгч компанийн хятад жолоочийг зам тээврийн осол гаргасан гэж баривчилсан байна. Дээрх хэргийн талаар мэдээлсэн Хятадын www.sina.com.cn интернэт сайтаас уг мэдээлэл тэр дороо алга болсон ажээ.
Н.Энх