Оросын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү уран бүтээлийн гараагаа эхэлж байхдаа түүхэн кинонд тоглох, дуучин С.Жавхлантай хамтран дуулах, өөрийн гэсэн монгол уран бүтээлтэй болох мөрөөдөлтэй хэмээн ярьж байлаа. Тэгвэл дуучин залуу энэ бүх хүслээ биелүүлжээ. Тэрбээр “Татар ажиллагаа” кинонд тоглосон нь амжилттай болж, найруулагч Б.Баатараас дараагийн уран бүтээл нь болох түүхэн кинонд тоглох саналыг хүлээж аваад байгаа бол саяхан дуучин С.Жавхлантай хамтран дуулах хүслээ биелүүлжээ. Б.Амархүү жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр нарын хамтран байгуулж буй “Мөрөөдлийн театр” хэмээх шинэ театрын дууг Гавьяат жүжигчин С.Жавхлантай хамтран дуулсан байна. Энэ дууны үгийг дуучин С.Жавхлан бичиж, хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав зохиожээ.
М.Урин