МИД төсөл амжилттай хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

МИД төсөл амжилттай хэрэгжиж байна

Баянхонгор аймгийн 20 суманд Малын индексжүүлсэн даатгалын борлуулалт хийгдэж малчин өрхийн 24 хувь, малтай өрхийн 20 хувь нь малаа малын эрсдэлийн даатгалд даатгуулжээ. Энэ нь малчин өрхийн хамралт өмнөх оныхоос 7,4 хувиар, малтай өрхийн хамралт 6,1 хувиар өсч энэ оны төлөвлөгөөг 116 хувиар биелүүлсэн үзүүлэлт аж. МИД-д аймгийн хэмжээнд 364,694 толгой мал хамрагдсан нь нийт мал сүргийн 19 хувийг эзэлж байгаагийн дийлэнх буюу 75 хувь нь ямаа байна.

Тус аймаг нь 2005 оноос Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-д төвийн бүсийг төлөөлж, хамгийн эрсдэл ихтэй аймгаар сонгогдон орсон юм. Энэхүү төслийн “Малын эрсдэлийн даатгал” бүтээгдэхүүнийг малчид, мал бүхий иргэдэд санал болгож, зургаа дахь жилийнхээ борлуулалтыг хийж байгаа юм байна. Энэ хугацаанд тус аймгийн 11500 малчин өрх 1,746,852 малаа даатгуулжээ.

Үүнээс 4070 өрхөд 1.116 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна. МИД-ын энэ оны борлуулалтын улиралд Хүрээмарал сум малчин өрхийнхөө 58 хувь, Галуут 40, Өлзийт 39, Шинэжинст сум 38, Заг 35, Баян-Овоо 33, Жинст сум 31 хувийг тус тус хамруулсан байна. Мөн 16 сум өмнөх оныхоос малчин өрхийн хамралтын хувийг нэмэгдүүлж, Баянговь, Баян-Өндөр, Бөмбөгөр, Хүрээмарал сумдын хувьд өмнөх оны борлуулалтаас буурсан дүн гарчээ. Харин Өлзийт сумын “Бурхант”-ын нэгдүгээр баг 108 даатгуулагчтайгаар өмнөх оныхоо “Улсын шилдэг баг” болсон амжилтаа бататгасан байна.

Б.Мөнхзул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж