Монгол кинонд итгэх итгэл эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Монгол кинонд итгэх итгэл эргэн ирлээ

“Дахиж Монгол кино үзэхгүй”…Энэ бол өнгөрсөн долоодугаар сард гаргасан миний шийдвэр. Зөвхөн би ч бус маш олон үзэгч дор бүрнээ ийн шийдсэн нь нууц биш. Учир нь үзэх бүрт кино хийсэн болж аргацаасан, худлаа чамирхсан, бусдын санааг хулгайлсан, видео бичлэгнээс ялгарах зүйлгүй кино­нууд үзэгч та биднийг ийн залхаах болсоор удаж буй. Тэгсэн хэрнээ худалч хүнд долоо хоногт нэг монгол кино нээлтээ хийдэг. Тэр бүрт үзэгчид хууртсаар л… “Дэмий юм үзлээ” гэсэн үг киноны төгсгөлтэй хамт “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” театраар хадна. Арга ч үгүй…Хошин шогийн продакшнууд тайзнаа тоглосон шоу тоглолтоороо кино хийдэг. Нэгэн зэрэг таван кино гарлаа гэхэд таван гол дүрийг нэг л жүжигчин бүтээнэ. Жүжиглэлт, хэв маяг нь яг адилхан. Ямар ч өөрчлөлт байхгүй. Инээх, уйлах, ярих, зодолдох нь бүгд ижил. Нэг хэсэг Өмнөд Солонгосын киног монголчилдог байсан бол одоо дотроосоо буюу монгол кино нь монгол киноныхоо хуулбар болчихсон яваа. Тэгвэл энэхүү эмгэнэлтэй бөгөөд инээдтэй Монголын кино урлагийн өнөөгийн дүр зурагт өнгөрсөн долоо хоногт нэгэн гэнэтийн тэсрэлт боллоо. Мэдээж өөрийн минь дүгнэж бай­гаагаар шүү дээ. Тэрхүү тэсрэлтийн эзэд нь “Бодлын хулгайч” киноны уран бүтээлчид. Дээр онцолсон тогтонги, цар­цанги тодорхойлолтын тухай ор тас мартаад “Монгол кинонд итгэх итгэл эргэн ирлээ” хэмээн магтан дуулмаар…Гэхдээ энэ үгийг зөвхөн жирийн үзэгч би бус Монголын кино урлагийн мэргэжлийн уран бүтээлчид ч санал нэгтэйгээр он­цолж байсан юм. Сэтгүүлч, зохиолч, найруулагч Д.Төрмөнх зохиолыг нь бичиж, Соёлын тэргүүний ажил­тан Б.Амарсайхан гол дүрийг нь бүтээсэн эл киног өдгөө амьд сэрүүн байгаа бодит хүний амьдралаас сэ­дэвлэж бүтээснээрээ онц­лог. Тодруулбал “Wisdom” про­дакш­ны захирал, “Бод­лын хулгайч” киноны ерөнхий продюссер А.Уянга жүжигчин Б.Амар­сайханы хамт “90 сая”-ын Ган­сүхийн талаар су­далгаа хийж, тэр­хүү судалгаандаа тулгуурлан кино бүтээхээр зо­риг­лосноор жил га­руй хугацааны дараа үзэгчдэд киногоо хүргэж байгаа нь энэ. Тэртээ 1993 оны үе. Монгол Улс бүхэлдээ зах зээлийн нийгэмд шилжих их шуурган дунд эргэлдэж, шинэ нийгмийн хатуу хөтүүд хөлөө олох гэсэн жирийн иргэдийн амьдралын төлөөх тэмцэл сайн, муу олон үйлээр илэрч байсан цаг. Тэр үед жирийн нэгэн оюутан залуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 100 сая төгрөг өгөхийг гуйж, улмаар санасандаа хүрнэ…Киноны үйл явдал ийн эхлэх бөгөөд үргэлжлийг нь уншигч танд өөрт тань үлдээе. Гол нь “Бодлын хулгайч” кино юугаараа “Дахиж монгол кино үзэхгүй” хэмээн шийдсэн олон мянган үзэгчийн сэтгэлийг урвуулж, “Монгол кино өөр болж байгаа юм байна” гэдэг энэ итгэл үнэмшлийг өгч чадах вэ гэдэгт дараах хариултууд гарч ирнэ.

НЭГ: Найруулагч Ж.Сэнгэдорж хэдхэн хоногийн өмнө “Бодлын хулгайч” кинонд ажилласнаараа бахархаж байгаа” хэмээн ярилцлага өгсөн. Тухайн үед “Өөрөө ерөнхий найруулагчаар нь ажилласан хүн ингэж хэлэхээс яах вэ” гэсэн бодол төрж байсныг нуух хэрэггүй. Харин киног үзсэний дараа бүтээсэн киногоор нь ч, найруулсан найруулагчаар нь ч бахархах сэтгэл төрсөн юм. Учир нь “Бодлын хулгайч” киноны үйл явдал дунд илүү дүрс, илүү чимэг, илүү фантаз гэж байсангүй. Өөр хоорондоо уусан шингэх үйл явдлууд үргэлжилсээр эцсийн дүнд эх, үр хоёрын сэтгэлийг зангидаж өгсөн нь үзэгчдийг хэлэх ч үггүй болтол огшуулж орхисон. Ээжтэйгээ амьд мэнд дээр нь уул­захын тулд шоронгоос оргож, са­насандаа хүрсэн гол дүрийн залуу эцсийн дүндээ ээжийгээ улам их шаналал, зовлонд орхиж буйг харуулсан тэр дүрслэл Монголын мянга, мянган залуусыг ухааралд хөтлөх нь дамжиггүй. Үүний төлөө ерөнхий найруулагчид дахин, дахин талархал илэрхийлье.

ХОЁР: Гол дүрийн жүжигчин Б.Амарсайханы жүжиглэлтэд огцом чанга яриа, түрэмгийлсэн сэтгэл хөд­лөл давамгайлах нь олонтаа байдаг. Тэг­вэл энэ кинонд жүжигчин хүн хувь хүнийхээ характераас ан­гижирч, хар­цаараа, үйл хөдлөлөөрөө үг хэлэх ёстой гэдгийг тэрбээр чад­вар­лаг харуулж чаджээ. Хувь хүний амьд­ралдаа гаргасан хамгийн том ал­дааны золиос нь өрөөл бусад бус гагцхүү өөрөө байдаг гэдгийг түүний жүжиглэлт гайхалтай тодоор илэрхийлж өгсөн. Мөн кино бүрийн гол дүрүүд хоорондоо зодолдож, гоё сайхан өнгө будагны нөлөөн дунд ууссан байх нь олонтаа. Нэг ёсны мисс тойрч кино хийдэг өнгөлөн далдлах арга үеэ өнгөрөөсөн гэдгийг тэд бидэнд батлав. Тийм ч учраас гавъяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, дуучин Б.Батмэнд, Соёлын тэргүүний ажил­тан, жүжигчин Г.Золбоот нарын бүтээсэн дүр бүгд жүжигчилсэн шоуг бус харин жинхэнэ хүнийг та бидний өмнө гаргаж тавьснаараа онцлогтой. Товчхондоо тэд дор бүрнээ “Хүн гэдэг ийм үед ийм л байдаг даа” гэдэг тэр үнэнийг баталж байлаа.

ГУРАВ: Ерөнхий зураглаач Д.Анга­ра­гийн хувьд онцлоход түүнд талар­хал илэрхийлсэн мэргэжлийн уран бүтээлчид “Бодлын хулгайч” киноны нээлтийн үдэш дэндүү олон байна билээ. Магадгүй тэр Бээжингийн их сургуулийн Ки­но урлагийн дээд сургуулийг зу­раглаачаар төгс­сөнийхөө хэргийг энэ киногоор гаргасан байж болох юм. Киноны амин судас, хамгийн үнэтэй гоёл чимэг болох зургийг тэрбээр гайхамшигтайгаар авсан байлаа. Мэдээж яагаад гайхамшигтай са­нагдав гэдгийг үзэгч та өөрийн нүдээр үзэх хэрэгтэй биз.

ДӨРӨВ: Төгсгөлд нь “Бодлын хул­гайч” киноны мянга, мянган үзэгч төдийгүй Монголын кино ур­ла­гийн хөгжилд санаа чилээж яваа мэргэжлийн уран бүтээлчдийн өм­нөөс “Wisdom” продакшны ерөн­­хий захирал, уг киноны ерөн­хий про­дюссер А.Уянгад баяр хүр­гэе. Учир нь тэрбээр энэ киног “Мон­голын кино урлагт шинэчлэл хийгээсэй. Чансаатай бүтээлийн урал­даан энэ киногоор эхлээсэй” хэмээн хүс­сэн­дээ дэндүү их сэтгэл гаргасан ажээ. Зөвхөн киноны хөгжмийг би­чүүлэхийн төлөө гэхэд Америкаас тусгай оркестрийн программ авч­руул­сан. Мөн ма­шины мөргөлдөх үеийн зургийг ава­хад ашигладаг тус­гай тоног тө­хөөрөмжийг мөн л Америкаас импортолсон. Тэр бүх­­ний­хээ төлбөрт нийтдээ 500 сая төгрөг зарцуулсан тухайгаа олонд мэдээлж байсан. Ийнхүү түү­ний хөдөлмөр зүтгэлээр “Бодлын хулгайч” орчин үеийн Монголын кинонууд дундаас “Үхэж үл болно Чингис хаан” киноны дараа орох хамгийн өндөр өртгөөр бүтсэн кино болжээ.

Кино үнэхээр гайхамшигтай байлаа. Тийм ээ, Монгол кинонд итгэх итгэл эргэн ирлээ. Энэ бүх магтаалыг харамгүйгээр бичиж, харамгүйгээр талархах сэтгэлийг хөдөлгөсөн “Wisdom” продакшны хамт олонд баярлалаа. Тэд Монголын кино урлагийн шинэ хөгжлийн эхлэлийг тавьж чадлаа. Эхлэл нь гайхамшигтай байсан шиг өрнөл нь тууштай байх болтугай.

Г.Отгонжаргал

Эх сурвалж: “Улс төрийн тойм”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж