Хакухо олимпод оролцох хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Хакухо олимпод оролцох хүсэлтэй

Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 20 дахь түрүүгээ авснаар “их аварга” хэмээн цоллуулах болсон Хакухо М.Даваажаргал олимпод оролцох хүсэл өвөртлөх болжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Токио хотын Эдогава дүүрэгт байрлах биеийн тамирын зааланд очиж, байт харваанд суралцахаар хэсэг саатжээ. Их аварга гурван цаг гаруй харвасан бөгөөд эхлээд таван метрийн зайнаас 20 удаа сум тавиад, маш ахицтай, хурдан сурч байсан тул зайгаа холдуулж, 30 метрээс харвасан гэнэ. Ингэхдээ хоёр ч удаа түүний сум байны голд туссан ажээ. Байт харвааны мэргэжлийн багш, дасгалжуулагч нар Хакухо аваргыг хурдан шаламгай, эв дүйтэй харваж байгааг магтсан гэнэ. Харин Хакухо М.Даваажаргал өөрөө “Байт харваа нь биеийн тэнцвэрээ хадгалах, хүчээ зөв хуваарилах зэргээрээ сумотой адилхан юм” хэмээн ярьжээ. Тэрбээр мөн байт сурын төрлөөр амжилттай хичээллэж, олимпийн наадамд оролцох нууцхан хүсэлтэй тухайгаа ярьж, цаашид бэлтгэлийн танхимд тогтмол ирж, байт сураар хичээллэнэ гэдгээ хэлжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж