1970 аад онд Нийслэл хотод орос ах нарын буянгаар олон хороололууд сүндэрлэжээ. Тухайлбал Баянгол дүүргийн 3, 4-р хороололыг нэрлэж болно. Цагийн сайханд таван зуугийн дэнж хэмээн нэрэлэгдэж байсан гэр хороололын газрыг иргэд сайн дураараа чөлөөлөн өгч, өнөөдөр түм түжигнэж, бум бужигнасан хороолол байгуулагдсан түүхтэй. Энэ бол хот төлөвлөлтийн нэг арга барил байсан гэдгийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр хэлж байна.
Харин 21-р зуунд Гэр хороололыг орон сууцжуулах хөтөлбөрийн анхны гарааг бидний нэрэлдэгээр 100 айлын ногоон нуурын дэнжээс эхэлжээ. Угаасаа зах зээл хөгжсөн улс орнуудад байдаг туршлага. Хашаа хороо, газраа төрдөө чөлөөлж өгчихөөд хариуд нь тохилог орон сууцтай болох эс бөгөөс амьдралаа сайжруулах мөнгөтэй болох хоёр зарчим үйлчилдэг. Энэ зарчмаар төслийг хэрэгжүүлж, энэ оны хотын төсөвт 20 тэрбум төгрөг суулгасан байна. Өнөөдрийн байдлаар 100 айл орчмын 140 өрх айл газраа чөлөөлж, төрдөө шинэ орон сууцны хороолол барих ажлын дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 5 тэрбум төгрөг зарцуулагдсан гэдгийг төслийн захирал М.Ганбаатар хотын даргад танилцууллаа. Мэдээж өрх айл бүрийн эзэмшиж байгаа газрын хэмжээ өөр, мөн үл хөдлөх хөрөнгө болох барилгын метр квадрат ч харилцан адилгүй байгаа. Хотын зүгээс барьж байгаа бодлогоор бол 1 метр квадрат талбайг 100 мянган төгрөгөөр үнэлж, 0.04 хэмжээтэй газар эзэмшиж байгаа иргэн 40 сая төгрөг аваад газраа чөлөөлж өгдөг. Газраа төрдөө өгчихөөд байгаа айлуудын тухайд дунджаар 40-аас 50 сая төгрөг авсан гэдгийг хэлж, чөлөөлсөн газраа цэвэрлэж, хавраас бүтээн байгуулалт эхлэх боломжийн нээхээр Гэр хороололыг орон сууцжуулах төслийнхөн ажиллаж байна.
Иргэдийн хувьд нэг хэсэг нь бэлэн мөнгө өө авах сонирхолтой байдаг бол үлдсэн хэсэг нь яг л энэ газартаа орон сууцтай болохыг хүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын удирдлагууд анх удаа Дамжин өнгөрөх орон сууц барьж эхэлжээ. Барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Нийтдээ нэг удаадаа 300 өрх айл дамжин өнгөрөх орон сууцанд орох боломжтой. Товчоор хэлхэд газраа чөлөөлөхдөө мөнгө авахгүйгээр шинээр ашиглалтанд орох орон сууцны хороололоос бэл бэнчиндээ таарсан орон сууц авах гэрээг байгуулна гэсэн үг. Орон сууц баригдаж байх хугцаанд дамжин өнгөрөх орон сууцанд амьдарч , удалгүй шинэ байрны түлхүүр гардан авахаар төслийг хийсэн гэдгийг тайлбарлаж байна. Дамжин өнгөрөх орон сууцны тухайд нэг давхартаа 10 айл амьдарна. Нийтдээ 15 давхар хос барилга юм. Шинэ оны босгон дээр ашиглалтанд орж, анхны айлууд нь байрандаа орно гэдгийг барилгын гүйцэтгэгч компанийнхан хэлж, мөнгө төгрөг, барилгын материалын хувьд ёстой л сааталгүй ажил нь явагдаж байгааг хэллээ.
Дээхни үед хоёр оны зааг дээр монголчууд шинэ байрны түлхүүр гардан аваад их баярладаг байсан. Оргилуун дарсаа шинэ байрандаа буудуулаад, хүүхэд хөгшидгүй хөөрдөг байлаа. Би ч хотын иргэн хүний хувьд ийм л дурсамжтай өдрийг туулсан. Тиймээс дамжин өнгөрөх орон сууцыг заавал шинэ оны босгон дээр ашиглалтанд оруулна шүү нөхөд минь гэж хотын мэр лүндэн буулгалаа. Дөчөөд жилийн дараа нийслэл хотод дахин өрнөж эхэлсэн газраа чөлөөлөх, буйр нь дээр нь орон сууцны хороолол барих ажлыг бүтэх болов уу, иргэд газраа өгөх үү гээд олон саат бэрхшээл тулгарч магадгүй хэмээн зарим нэгэн эрх мэдэлтэнүүд хэлж байсан. Тэгвэл Улаанбаатар хотын иргэд ухаажиж, утаанаас салахыг хүсч, бас сайхан тохилог амьдрахыг тэмүүлэх болсон нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргынхаа ажлыг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж байгаагаас харагдаж байлаа.
Манайх шиг хотын төвдөө гэр хороололтой, хар утаа суунагласан нийслэл хот дэлхийд байхгүй. Бид ч төрийн энэ шийдвэрийг зөв гэж бодож байгаа. Цаашид хотын удирдлагууд залуус аа байраар дэмжих хөтөлбөрийн тухай ч ярьж байна. Зөв шүү дээ. Нийгмийнхээ амьдралыг мэдэрсэн, хэн хэндээ хохиролгүй, харин ч нэмэртэй шийдвэрүүдийг бол бид дэмжиж байгаа гэж Сүхбаатар дүүргийн иргэд хэлнэ лээ. Тиймээс мөнгө гэхээс илүүтэй ирээдүй гэдэг талаас нь энэ ажилд хандаж байна гэсэн юм. Үнэндээ одоо их хотод бүтээн байгуулалтын ажил, тэр дундаa орчин үеийн хороололын шийдлээр барилга барья гэхээр газар байхгүй. Цэлийсэн газар нутагтаа гэж өөрсдийгөө магтдаг ч хотын төвд бол сөөм газар ч олдохгүй байна. Багширсан гэр хороолол бол байгаад байдаг. Ийм үед хотын иргэд их хотоо хөгжүүлэхийн тулд дарга даамлаасаа авхуулаад хөдлөх хэрэгтэй гэдгийг санал нэгтээ хүлээн зөвшөөрчээ. Он гархад 300 айл дамжин өнгөрөх шинэ орон сууцанд орж, хавраас зуун айлын дэнжид шинэ хороололын барилга сүндэрлэж эхэлнэ.
Хот төлөвлөлтийн энэ бодлого цаг аа олсон, хамгийн зөв шийдвэр гэдгийг олон хүн хэлсэн. Гол нь газар чөлөөлөхийн зэрэгцээ дамжин өнгөрөх орон сууцын хүртэл давхар шийдэж байгаа нь бодлого хаа нэгтээ замарч, цалгардаж алга болоогүйг нотолж байна. Ирэх хавраас нийслэл хотод Улаанбаатарынханы дэмжлэгтэйгээр сайхан хороолол баригдах ажил эхлэх юм. Цаашдаа зөвхөн зуун айлын дэнж гэлтгүй Телевизийн, Гандангийн гээд хотын төвд байдаг гэр хорооллын газруудыг чөлөөлж, дэлхийн жишигт хүрсэн барилга байгууламжтай хот болохыг тэмүүлэх нь дамжиггүй. Хэдий Монгол Улс жилийн дөрвөн улиралтай ч их хотын иргэдийн хувьд ажил цалгардах улирал байх ёсгүй.
Барилгын хундамыг сайн цутгавал чанартай барилга баригддаг шиг, шинэ ажлынхаа суурийг бат бөх зөв хийж чадвал ажил урагшилна. Хотын иргэд ээ тохилог амьдруулах шинэ бүтээн байгуулалтын ажил намар, өвлийн улиралаас ч түүртэлгүй өрнөсөөр байна.