Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбоо /АЗХ/-ны Бага чуулганы ээлжит III хуралдаан өнгөрсөн долоо хоногт болсон байна. Хуралдаанд тус холбооны удирдлага, нийслэл, аймаг, дүүргийн салбар байгууллагуудын удирдлага, гишүүдийн төлөөлөл болсон 80 гаруй залуучууд оролцож, холбооны Ерөнхий нарийн бичгийн даргыг томилж, “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн талаар хэлэлцжээ. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хууль, сонгуулийн тогтолцооны талаар баримтлах бодлого, байр сууриа тодорхойлжээ. Тухайлбал, АЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Бямбадоржийг АЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна. Харин УИХ-ын сонгуулийн тухай хууль, сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор дараах байр суурийг тодорхойлжээ. Нэгдүгээрт, тус холбооныхон 2012 оны бүх шатны сонгуулийг пропорцианаль давамгайлсан холимог сонгуулийн тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийг явуулахдаа нэг тойрогт оногдох мандатын тоог тойргийн сонгогчдын тоотой уялдуулан тэнцвэртэй тогтоох нь зүйтэй гэж үзсэн байна. Гуравдугаарт, 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр нэгэн зэрэг явуулах нь зүйтэй гэж үзжээ.
Түүнчлэн АЗХ-оос санаачлан хэрэгжүүлж буй “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн “Амьдралын боловсролтой Монгол залуу хүн”, “Ажилтай, орлоготой Монгол залуу хүн”, “Архигүй Монгол залуу хүн”, “Авьяас, чадвартай Монгол залуу хүн”, “Авлигагүй Монгол залуу хүн” гэсэн зорилтын чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм байна. Хэлэлцүүлгийн үеэр залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд монгол залуу хүний хөгжлийн талаар ихээхэн бодитой санал, санаачлагууд олноор дэвшүүлжээ.
Г.Дарь