Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт 13 дахь жилдээ болж өндөрлөлөө. “Хурд” хамтлаг “Монголтойгоо адилхан” дуугаараа үзэгчдийг доргио байлгаж чадсан бол, дуучин Д.Болдыг тайзнаа гарч ирэхэд үзэгчид дууг нь түрэн дуулж байлаа. Харин хамгийн гол сюрприз нь яахын аргагүй төгөлдөр хуурч Б.Чинбат байлаа. Түүнийг “Мемори поп оркестр”-той “Хийморь тэтгэсэн Улаанбаатар” аялгууг тоглоход үзэгчид суудал дээрээсээ өндөлзөн алга нижигнүүлэн ташиж байсан. Чинбааг тайзнаа гарах бүрт үзэгчид сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй тухай гурван өдрийн турш цуг ажилласан уран бүтээлчид ярьж байсан юм. Харин Б.Чинбат Л.Балхжавын хүсэлтээр нэгэн доргио аялгуу тоглосон нь “Жалам хар” байлаа. Хурдан хүлгийн тухай төгөлдөр хуурын аялгууг сонссон үзэгчид “UВ Palace”-ын концертын танхимыг нураах дөхөв. 13 жилийн өмнө “Никитон” хамтлагийг хамгийн сүүлд тайзнаа гарахад үзэгчид ингэж халуунаар хүлээн авч байсан байх. Үзэгчдийн сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэсэн түүний тоглолтыг үзэгчид үүнээс ч илүүтэй болох байх гэж ярилцаж байв.
М.Урин