Moto GP уралдааны шилдэг тамирчдын нэг, Италийн мотоцикльч Марко Симончелли өчигдөр болсон Малайзын гран-при уралдааны үеэр осолдож, амиа алджээ. Сепанг тойрог зам дээр болсон уралдааны хоёрдугаар тойрогт 11 дэх эргэлт дээр осол гарсан бөгөөд дөрөвт хурдалж байсан Симончелли дээрх ослын хохирогч нь болсон байна. Түүний “Honda” мотоцикль замаас гарч, шидэгдсэн бөгөөд Симончеллигийн хойноос хурдалж байсан Колин Эдвардс, Валентино Росси нар түүнийг дайрч орхижээ. Ослын үеэр түүний дуулга тайлагдаж, Симончелли огт хөдөлгөөнгүй газарт унасан аж. Эдвардс ч мөн онхолдсон ч хүнд бэртэлтэй амь гарч чаджээ. Харин дэлхийн олон удаагийн аварга Росси бэртэж, гэмтээгүй гэнэ. Ослын дараа уралдааныг шууд зогсоож, Симончеллид яаралтай тусламж үзүүлсэн ч хэдийнэ оройтсон байжээ.
Мотоциклийн тойрог замын уралдааны тэргүүн ангилал Moto GP-гийн шилдэг тамирчин уралдааны талбарт амиа алдсанд Италийн спортын зөвлөл гүн эмгэнэл илэрхийлж, спортын бүхий л арга хэмжээний үеэр нэг минутын чимээгүй хүндэтгэл үзүүлсэн байна.
С.Цэлмэг