гэгчээр доторхоо гаргалгүй амаа хамхиж
чаддаг тийм хүчин байв. Ардчилсан намынхны ам
задгайг гайхна. Алдаж оносныг нь алдалгүй шүүрэн дөрөөлж өчих мэх хийхдээ
ч гарамгай. Өөрсдөө үүн дээр багийн
тоглолтыг гайхалтай хийдэг тийм улс төрийн хүчин байсан.
Гэвч өнөөдөр байдал өөрөөр эргэжээ. МАН-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд
Д.Зоригтыг МАН-ын Ц.Батбаяр гишүүний
оролцоотойгоор огцруулах асуудлыг албан ёсоор парламентаар хоёронтаа хэлэлцүүлж, гурав дахь удаагаа өргөхөөр зэхээд байтал аравдугаар сарын эхээр орсон нойтон
цаснаар Сэлэнгэ, Дарханы чиглэлийн өндөр хүчдэлийн шонгууд
унаж, аврах ажлыг шуурхай явуулсны хүчинд залуу сайд
чихний хонхноос түр салсан.
МАН доторх хагарал
тогооноосоо хальж, МАН-ын дарга С.Батболдын эсрэг тоглолтууд хэтрээд ирсэн тул
УИХ дахь тус намын бүлгийн гишүүд, Удирдах зөвлөлийнхөнтэйгээ хамтран хагас
сар орчмын өмнө “Элит” төвд уулзацгаасан
юм. МАН дотор байдал бишдээд ирэхээр УИХ дахь намын бүлэг нь Төрийн ордноос
“гадаалдаг” нь гэм биш зан. Хуучин цагт, цагаан байшин шатаагүй байхад тийшээ гүйлддэг, тэгэнгүүт сөрөг хүчин нь экс МАХН-ын “гэдэс эвгүйрхсэнийг” мэддэг байж билээ. Одоо Тусгаар
тогтнолын ордон хараахан үүдээ нээгээгүй байгаа болохоор Засгийн газрын үйлчилгээ, аж ахуйн газрын харъяа “Элит” төвийг бараадан уулзалдсан хэрэг. Эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй нөхөд “Засгийн газрын мөрийн хөтөлбөр муу хэрэгжиж байгаа, Ерөнхий сайд С.Батболд тааруу ажилладаг, авлига идэж
таргалаад байгаа нөхөдтэйгөө үзэлцэхгүй байж бидний 20
гишүүнтэй тэмцэх гэлээ” гэхчлэн баахан баалсан сурагтай.
Харин намын бүлгийн даргын хүчин зүтгэлээр
хоорондоо эв эетэй байя гэлцэж “хувь гишүүний байр суурь
сөрөг байж болох ч
гадна талд ганцаарчилсан тоглолт хийхгүй ” гэсэн
тохироонд хүрчээ. УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн үед ганц нэгээрээ тоглолт хийж баатарлах гэж байгаад
нийт намаа хөөдөж болохыг “эсэргүү 20”-ын бүлэгт орсон журмын нөхдөдөө гайгүй сэнхрүүлсэн байна.
Гэтэл Ерөнхий сайдыг огцруулж, хамтарсан Засгийн газрыг
унагах санал өнгөрсөн пүрэв гаригт УИХ-д өргөн барьлаа. Ямар ч гэсэн
“Элит”-д хийсэн уулзалт үр дүнгээ өгсөн бололтой “эсэргүү” бүлгээс хэд нь Ерөнхий сайдыг огцруулах саналаас түдгэлзжээ. Гишүүн
Ш.Сайхансамбуу, Д.Тэрбишдагва нар Ерөнхий сайдыг
огцруулах бичигт оролцсонгүй. “Ер нь дэмий”
гэсэн үгийг Ш.Сайхансамбуу гишүүн хэлнэ лээ. Гэсэн ч Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барьсан есөн гишүүний дөрөв нь МАН-ынх
байж таарав. МАН-ын гишүүн
Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр
нар Ардчилсан намын С.Эрдэнэ, З.Энхболд, Д.Ганхуяг, Н.Батбаяр, Хамуг Монголын Хөдөлмөрийн намын Цэцийн дарга Ц.Шинэбаяр нартай хамтран
намынхаа даргыг Засгийн газрын тэргүүний сэнтийгээс
буулгах бичиг өргөн барилаа. Наад тав бол сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж олон суудалтай намын дарга, Ерөнхий сайдыг “оролдох” нь зүй. Харин олон суудал авсан намын дөрвөл баг намын
даргадаа сануулга өгөхөөр тэдэнтэй
хамтрав.
МАН-ын дөрвөл бүхий есөн гишүүн чуулганы танхимд орж, Шүүхийн шинэтгэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг дундуур
“улаан гэрэл”-ээр дайран сонордуулга уншиж, бичгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд
гардуулсан. Д.Дэмбэрэл дарга түүнийг
авмагц “Тамгын газрын бичиг хэрэгт бүртгүүлж албан тоот
аваагүй, процедурын алдаа гарсан байна” гэчихээд дэд
дарга Н.Энхболдод ажлаа шилжүүлээд гарч
одсон. Нэгэнт УИХ-ын гишүүд бичиг өргөсөн, түүнийг нь
Д.Дэмбэрэл дарга гартаа атгачихсан болохоор Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг чуулганаар хэлэлцэж л таарах нь.
МАН-ын дөрвөн гишүүн намынхаа
эсрэг ганцаарчилсан тоглолт хийж, эхний ээлжинд
даргынхаа хаалга руу “бөмбөг өшиглөлөө”. Ийн “эвтэй, хүчтэй, эрдэмтэй, боловсролтой” гэж эрддэг,
шаардлагатай үед үүнийгээ харуулж ч чаддаг ууган намынхан хагарал,
задралын уур амьсгалд автах болов. Сонгууль дөхөх тусам эв нэгдлээ сахих нь аль
ч улс төрийн хүчний гол асуудал. Тэгэхээр намын удирдлага нь
сануулсаар байтал “улстөржсөн” дөрвөн гишүүн ямар
хариуцлага хүлээх бол. Сахилгатай, хариуцлагатай
байдал нь энэ намыг нэг бус удаа улс төрийн “үхлээс” аварч байсан. Харин тэр сахилга, хариуцлага
одоо байгаа болов уу энэ намд.
Д.Оюунцэцэг