Манчестерийн дербид “Сити” илүүрхэв

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Манчестерийн дербид “Сити” илүүрхэв

Английн Премьер лигийн есдүгээр тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдөр боллоо. Энэ тойргийн хамгийн онцлох “үйл явдал” нь Манчестерийн дерби байв.
Манчестер хотын “Мөрөөдлийн театр”-т болсон тоглолтод “Сити” илүүрхэж, 6:1 харьцаатай гол өрсөлдөгчөө буулган авсан. Талбайдаа аймшигтай ялагдал хүлээсэн өнгөрсөн жилийн аварга “Юнайтед” ийнхүү лигийн есөн тойргийн дараах байдлаар “Сити”-гээс таван онооны дутуу хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдээд байна. Харин “дахин мэндэлсэн” “Ман Сити” 25 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа юм.

“Олд Траффорд”-ын фенүүдийг “номхотгосон” өнгөрсөн шөнийн тоглолтод Балотелли 22 дахь минутад тооны харьцааг нээж, улмаар хоёрдугаар үеийн 60 дахь минутад дубль хийсэн юм. Улмаар Агуэро 69 дэх минутад, Жеко 90 дэх минутад, харин шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Силва гоолдож, Жеко хоёр дахь гоолоо оруулснаар лигийг итгэл төгс тэргүүлэх замаа зассан. Харин талбайн эзэн багаас Флетчер тоглолтын 81 дэх минутад багийнхаа нэр төрийн ганц гоолыг оруулжээ.

Манчестер хотын хамгийн алдартай хоёр багийн дербид “Сити” ийнхүү хамгийн агуу ялалтаа байгуулж, 44 дэх удаагаа “Юнайтед”-ыг буулган авлаа. “Сити”-гийн “босс” Роберто Манчини тоглолтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд “Бид “Юнайтед”-ыг талбай дээр нь хожсон болохоор сэтгэл ханамжтай байна. Тэднийг талбайд нь хожих баг тийм ч олон биш байх шүү. Энэ тоглолт маш чухал байлаа. Бид тэднийг 6:1-ээр хожсонд гол учир нь байгаа юм биш, Олд Траффорд цэнгэлдэхэд хожсон нь л гол” хэмээн ярьжээ.

Харин “МанЮ”-гийн Сэр Алекс Фергусон тоглолтын төгсгөлд талбайд 10-уулаа үлдсэн төдийгүй дараалан олон гоол алдсанд ч нэлээд бухимдаж байгаа нь харагдсан. Тэрбээр “Энэ бол хамгийн муу өдөр. Түүхэндээ ийм ялагдал амсч байсангүй. Тоглогч байхдаа ч би 6:1-ээр хожигдож байснаа санахгүй байна. Итгэж ч чадахгүй байна” хэмээжээ.

Мөн өнгөрсөн үдэш Лондонгийн “Челси” клуб мөн л нэг хотын өрсөлдөн “Квинс Парк Рейнжерс”-ийн талбайд 1:0 харьцаатай ялагдал хүлээсэн. “Цэнхрүүд”-ээс Хосе Босингва, Дидье Дрогба нар улаан хуудсаар торгуулснаар талбайд есүүлээ үлдсэн юм. Харин талбай эздээс Хейдар Хелгусон  тоглолтын цорын ганц гоолыг оруулжээ.

Премьер лигийн есдүгээр тойргийн дүн:

“Ливерпуль” 1-1 “Норвич Сити”
“Ньюкасл” 1-0 “Уиган Атлетик”
“Болтон” 0-2 “Сандерланд”
“Астон Вилла” 1-2 “Уэст Бром”
“Вулвес” 2-2 “Свонси”
“Рейнжерс” 1-0 “Челси”
“Блэкбурн” 1-2 “Тоттенхэм”
“манЮ” 1-6 “Ман Сити”
“Фулхэм” 1-3 “Эвертон”
“Арсенал” 3-1 “Стоук Сити”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж