УИХ-ын
чуулганы өнгөрөгч баасан гаригийн хуралдааны эхэнд Сонгуулийн санал
тоолох, ажиллагааг автоматжуулах цахим төхөөрөмжийн талаар хэлэлцсэн юм.
Уг асуудлаар байнгын хороо хуралдаж уг тоног төхөөрөмж нийлүүлэх
гүйцэтгэгчийг шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг
Сонгуулийн ерөнхий хороонд зөвшөөрсөн шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн
аж. Үүний шалтгаан нь энгийн бөгөөд одоогийн нөхцөлд шууд гэрээгээр
худалдан авалт хийхгүй бол ирэх сонгуульд цаг хугацааны хувьд ашиглах
боломжгүй болохтой холбоотой аж. Өөрөөр хэлбэл тендер явуулснаар цаг
алдах, хамгийн бага үнийн санал өгсөн гээд чанар муу бүтээгдэхүүн сонгох
зэрэг эрсдэл байгаагаас ийнхүү шийдэж.
Байнгын хорооны
хэлэлцүүлгийн үеэр ч хөндөгдөж байсан асуудлууд мөн яригдаж байсан нь
автомат машины найдвартай ажиллагааны тухай байв. СЕХ-ны дарга
Н.Лувсанжав “автомат санал хураагч машинаар санал тоолох явцад маргаан
гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс ч СЕХ-ны зүгээс тухайн нөхцөлд автомат
болон гар аргаар тоолох боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа,
харин маргаан гарсан тохиолдолд Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа
Сонгуулийн хуульд тодорхой зарим заалтууд орсон” тухай тайлбар хэлсэн нь
Ц.Нямдорж, Н.Ганбямба нарын гишүүдийн зүгээс “хууль нь батлагдаагүй
байхад процессын асуудал яригдах нь буруу мөн энэ асуудлын цаана ямар
нэгэн эрх ашиг яваад байна уу” гэж хардахад хүргэв. Ийнхүү байр сууриа
илэрхийлсний дараа уг төслийг хойшлуулах саналтай байгаагаа хэлсэн нь
АН-ын бүлгийнхнийг үг хэлэхэд хүргэв.
Тухайлбал, Ч.Сайханбилэг
гишүүн “хэрэв төслийг хойшлуулвал цаг хугацааны хувьд ирэх зургадугаар
сард саналыг гараар тоолохоос өөр аргагүйд хүрнэ. Сонгуулийг булхай
луйваргүй явуулах хамгийн зөв гарц нь нэгдүгээрт, ухаалаг үнэмлэх
нэвтрүүлэх, хоёрдугаарт сонгогчдын саналыг автомат машинаар уншуулах
явдал. Яагаад гэвэл автомат машин авлига нэхэхгүй. Санал хураалтын дүнг
будилаантуулахгүй. Тийм болохоор төслийг хойшлуулж болохгүй” гэв. Ингээд
санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр уг
төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын
хороонд шилжүүлэх болов.
Хэлэлцэхээр
төлөвлөсөн дараагийн асуудал бол Засгийн газраас санаачлан
боловсруулсан. Газрын тухай багц хууль байв. Уг хуулийн төслийн агуулга
нь газрын наймаанаас сэргийлэх, түүнийг ил болгохын тулд байшин,
хороолол барих газрыг дуудлага худалдаагаар худалдаж байхаар заасан
байв. Түүнчлэн одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар газар олгодог эрх
мэдэлтэн хэтэрхий олон байгаа учраас өнөөгийн газрын маргааны шалтгаан
болоод байгаа. Иймд дээрх хуулийн төсөлд дүүргийн Засаг дарга тухайн
дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамтын хэрэгцээнд газар эзэмших, эрх
шилжүүлэх, эзэмшил газрын гэрээний хугацааг сунгах, сууц өмчлөгчдийн
холбооны орчны газраа ашиглах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх л
эрхтэйгээр тусгасан байна.
Энэ төслийн талаар гишүүдийн зүгээс
“газрын үнэлгээг хэн, хэрхэн тогтоох вэ, дуудлага худалдаагаар бус эрх
мэдэлтний зөвшөөрлөөр авчихсан их хэмжээний талбайтай газруудыг яах вэ,
зориулалтын дагуу ашиглаагүй газрыг хэрхэн зохицуулах вэ” зэрэг асуултыг
асуув.
Гишүүдийн асуултад хууль санаачлагч УИХ-ын гишүүн, Зам,
тээвэр, барилга, хот байгуулалт, дэд бүтцийн сайд Х.Баттулга, тус яамны
холбогдох ажилтнууд Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн ажилтнууд тус
тусын эрхлэх асуудлаар хариулт өгч байсан бөгөөд “Газрын үнэлгээний тал
дээр гадаад орнуудын хэрэглэж байгаа туршлага бол дуудлага худалдаа л
байдаг. Бид энэ зарчмыг баримталж газрыг эргэлтэд оруулах нь зөв гэж
бодож байгаа, нэгэнт эзэмшээд авчихсан газрыг бол дахин дуудлага
худалдаанд боломжгүй юм гэв.
Хуралдааны үеэр гишүүд Сүхбаатарын
талбай тойрсон газрын асуудлын талаар ихээхэн сонирхож байсан ба Сайд
Х.Баттулга энэ талаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн талаар надад
мэдээлэл алга. Уг асуудал нь яаманд хамааралгүй тул нийслэлийн
удирдлагууд мэднэ“ гээд асуултыг “шилжүүлэв”.
Ингээд Хот
байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч
Д.Мөнхбаатар “Сүхбаатарын талбайн урд байрлах бидний нэрлэдгээр “Сэлмэн”
барилгын хувьд өөрийн эзэмшлийн газар байрлаж байсан байшингийн суурин
дээр баригдсан тул асуудалгүй. Дуурийн театрын урд байрлах барилга бол
нийслэлээс зарласан төсөл сонгон шалгаруулалтын дагуу “MCS” групп тус
газрыг авсан байгаа. Хонхтой цэцэрлэгийн хувьд усан оргилуур барихаар
төсөл сонгон шалгаруулсан” гэх тайлбарыг хийлээ.
2015 ОН ГЭХЭД ГУРВАН БАТАЛЬОНТОЙ БОЛНО
Чуулганы
үдээс хойшхи хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг
сонссон юм. Мэдээлэл зэвсэгт хүчний тухай байв. Манай улс арван нэгэн
жилийн өмнөөс энхийг сахиулах ажиллагаанд цэрэг дайчдаа илгээж, одоогоор
5221 дайчин оролцоод буй аж. Хэрэв манай тал цэрэг, дайчдаа олон улсын
энхийг сахиулах ажиллагаанд тогтмол оролцуулсаар байвал 2015 он гэхэд
гурван батальонтой болох учиртай гэнэ.
Хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын
энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэрэг, дайчдын нийгмийн асуудалд
анхаарал хандуулах асуудал хөндөгдөв. Гадаадад удаан хугацаагаар явсан
цэргүүдэд нийтлэг ажиглагддаг зүйл нь гэр бүл салалт, эрүүл мэндийн
асуудал болоод байгааг ч хэд хэдэн гишүүн онцолсон байна.
Ямартаа
ч одоогоор энэ талаар анхаарч, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон
цэргүүдийг 1000 айлын орон сууц хөтөлбөрт эхний ээлжинд хамруулж, нөхөн
төлбөрөөр орж ирж буй хөрөнгийг орон сууц барьж, дайчдыг хамруулах
чиглэлд зарцуулж байгаа аж.
Үүний
дараа “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай
Улсын Их Хурлын 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Дотоодын
газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор
дэмжиж, импортын улаан буудайн татварыг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн
үзэж, дээрх хуулийн төслийг боловсруулсан юм байна. Үүний тулд хатуу
болон зөөлөн улаан буудайн татварыг 15-20 хувь, Дэлхийн худалдааны
байгууллагын гишүүн бус орноос импортолсон улаан буудайн татварыг 40
хувь болгохоор төсөлд тусгаад буй аж. Гишүүдийн зүгээс Улаанбаатар
хотоос алслагдсан аймгуудад гурилын үнэ өндөр тусахаар байгааг сануулж,
боомтууд дээр татварыг ялгавартай тогтоохыг хүсч байв.
УИХ-ын
гишүүн З.Энхболд, айлд нэг эрх хүүхэд байдаг шиг хамгийн их улсаас
татаас авдаг газар бол энэ салбар юм. Өмнө хэрэгжиж байсан Атрын аяны
мөнгө байна, дээр нь баахан тусламж авдаг. Үр дүн нь ямар байдаг юм.
Монгол Улсад өөр ямар ч ийм том хэмжээний тусламж авдаг салбар ер нь
байхгүй дээ. Өнөө жил их сайн ургац авсан гэж байна. Монголын
хэрэглэгчид тэгвэл яахаараа үнэтэй гурил идэх ёстой юм бэ, хэдэн зуун
тэрбумаар дэмжсэний дараа шүү дээ. Хэзээ бие дааж өөрийгөө авч явдаг
болох вэ, ирэх жил та нөхөд бас гаалийн татвар ярих уу, эрхэлдэг байдал
чинь дуусах болоогүй юу гэж байлаа.
Дараа
нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг
хэлэлцэхийг мөн л дэмжив. Тус салбараас тэтгэвэрт гарсан хүмүүсийн энэ
асуудлыг ер нь бусад тэтгэврийн зөрүүгийн талаар яригдаж буй хуулийн
төслүүдтэй нэгтгээд яривал ямар вэ гэх санал гарсан. Хуулийн төсөл
санаачлагч Ц.Нямдорж энэ талаар нарийвчлан хариу тайлбар өгч, тэтгэврийн
зөрүүгээс үүдсэн асуудлыг бага боловч зөөлрүүлэх үүднээс оруулж ирж
байгаа гэдгийг тайлбарлалаа. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүд
дэмжсэн бөгөөд Байнгын хорооны хурлаар харин ижил төрлийн дараах хуулийн
төсөлтэй хамтатган хэлэлцэх юм байна.
Үүний дараа нэгдсэн
чуулган цаг сунгаж хуралдахаар болсон бөгөөд Цэргийн албан хаагчийн
тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг хэлэлцсэн юм. Уг төслийн гол утга санаа нь цэргийн албан
хаагчийн тэтгэврийг 1995 оноос өмнө тогтоолгосон иргэдэд улсаас тус бүр
нэг сая төгрөгийн буцалтгүй тусламж олгож байжээ. Түүнд 4992 хүн
хамрагдаж төсвөөс 4,992 тэрбум төгрөг зарцуулсан байна. Цэргийн албан
хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 25-аас доошгүй жил
цэргийн алба хаасан эрчүүд, 20-иос доошгүй жил цэргийн алба хаасан
эмэгтэйчүүд тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний
тэтгэмжийг нэг удаа олгодог болсон. Мөн цэргийн албан хаагч орон тоо,
зохион байгуулалтын өөрчлөлт, эрүүл мэндийн шалтгаанаар юм уу, цэргийн
алба хаах нас хэтэрч халагдсан бол 18 сарын цалин хөлстэй тэнцэх
хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгодог аж. Харин 2000 оноос өмнө
тэтгэвэр тогтоолгосон цэргийн албан хаагч болох 5165 хүн энэ заалтад
хамрагдаагүй байдаг юм байна. Тиймээс завсардаж үлдсэн эдгээр хүмүүсийг
тэтгэмжид хамруулах талаар тусгаж өгчээ. Тэрхүү 5165 хүнд нэг удаагийн
тэтгэмж олгоход 14 орчим тэрбум төгрөг төсвөөс гаргах гэнэ. Энэ талаар
асуулт хариулт, санал хэлэх хүн байгаагүй тул чуулганд оролцсон
гишүүдээс санал хураалт явуулав. Санал хураалтаар мөн л “хэлэлцэх нь
зүйтэй” гэж олонхийн санал авснаар чуулганы хуралдаан өндөрлөсөн байна.
"Ардын эрх" сонин