Хамуг Монголын хөдөлмөрийн намыг /ХМХН / бүртгэх асуудлыг Дээд шүүх өнгөрөгч баасан гаригийн хуралдаанаараа хэлэлцээд улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргалаа. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн тул Хамуг Монголын Хөдөлмөрийн Намыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэх тайлбарыг Улсын дээд шүүхийн шүүгч хэлээд шинээр байгуулагдсан намынханд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг даалгаж, батламж бичгийг гардууллаа.
Хуралд тус намыг төлөөлж намын дарга С.Молор-Эрдэнийн анхны мэдэгдэл нь Н.Энхбаярын МАН-тай нэгдэхгүй байх тухай байв. Тэрээр “Сайхан хурал болж, Улсын Дээд шүүх үнэн зөв шийдвэр гаргалаа. Бид хуулийн хүрээнд иргэдийнхээ төлөө ажиллах болно. Манай нам ингэж ажиллах бүрэн чадамжтай. Түүнээс биш Н.Энхбаяр мэтийн хүмүүстэй хамтарч эвсэх нэрээр алдаа доголдолтой үйл ажиллагаа явуулахгүй” гэв. Харин УИХ-ын гишүүн, тус намын Цэцийн дарга Ц.Шинэбаяр “Цоо шинээр нам байгуулж байгаа. Хуулийн хүрээнд бүх материалаа бүрдүүлсэн учир Дээд шүүх бүртгэхэд саад гарсангүй” гэх тайлбарыг хийлээ.
Б.МАНД
"Ардын эрх" сонин