-Сурах бичгийн тендер, хангамж, хэрэгцээ, нийлүүлэлт жилийн жилд л шуугиан тарьж, хэл ам таталж байдаг. Ямар учиртай юм бэ?
-Хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Тэр нь юу вэ гэвэл БСШУЯ-наас зөвшөөрөл аваагүй бол нэг ч ном хэрэглээнд гардаггүй, энэ бол хууль болсон үзэгдэл. Бас нэг ч номыг тогтоосон үнээс илүү үнээр зардаггүй. БСШУЯ хэвлэлийн асуудлыг компаниудын буруу болгон хүмүүст ойлгуулдаг. Энэ асуудалд хэвлэлийн компаниудыг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Харин яамнаас өгч буй мэдээлэл бол дээрх компаниудыг буруутгасан өнгө аястай, тэр хэрээр иргэд буруу зөрүү ойлгоод байдаг юм. Уг нь бид буруу зүйл хийсэн бол яамны зүгээс хариуцлага хүлээлгэх амархан шүү дээ. Гэтэл яам тамгын газарт ажилладаг хүмүүсийн хариуцлагагүй үйлдлийг зогсоох эзэн байхгүй, амьдралд нийцэхгүй шийдвэр гаргаж, түүнийгээ албаар хэрэгжүүлэх гэж муйхраар зүтгээд байгааг нь мэдэж мэдэрч байгаа хүн ч алга. Ерөөсөө боловсролын системд дээрээсээ доош дарангуйлах диктатур тогтсон байна. Аливаа дуулиан шуугиан бухимдал асуудал шийдвэрлэгдэхгүй болохоор л гарч ирдэг биз дээ. Шууд хэлэхэд сурах бичгээр бизнес хийдэг хүмүүс энэ яамнаас гараагүй цагт сурагчид, эцэг эхчүүд, сургууль, багш нарын дунд бухимдал тасрахгүй л дээ.
-Тэгвэл сурах бичиг дутагдаж байгаа нь БСШУЯ-тай холбоотой гэсэн үг үү?
-Тэгж хэлж болно. Сурах бичиг хэвлэх зөвшөөрлийг яамнаас олгодог. Бид дураараа хэвлэдэг зүйл огтхон ч биш. Ерөнхий боловсролын сурах бичиг бүрийн нүүрэн дээр БСШУЯ зөвшөөрөв гэсэн бичиг байдаг шүү дээ. Хэрвээ хэвлэлийн компаниуд буруутай юм бол яагаад сурах бичиг болгон дээр зөвшөөрөв гэсэн бичиг байгаад байна. Өөрсдөө эхлээд зөвшөөрөөд дараа нь үгүйсгээд байгааг нь ойлгохгүй байгаа юм. Анх сурах бичгийг хоёр л компани хэвлэдэг байсан, дараа нь сурах бичиг хэвлэхийг нээлттэй болгосон. Гэтэл одоо дахин цөөлөөд хэдхэн компани хэвлэдэг болсон. Үүний үр дагавар нь сурах бичиг хүрэлцэхгүй болсон явдал. Сурах бичгийг хэвлэх эрх өгчихөөд дараа нь үнийг нь тогтоочихдог. Хэвлэлийн компани нэг сурах бичгийг 1500 төгрөгөөр хэвлэе гэж бодъё. Тэгвэл ном 1200 төгрөгт хэвлэгдэнэ, харин үлдсэн 300 төгрөг нь зардал, ашиг байх ёстой. Гэтэл орон нутагт хүргүүлэхэд энэ нь зардалдаа хүрдэггүй. Баян-Өлгий ч юм уу, хол газар ном хүргүүлэхэд энэ зардал нь хаанаа ч хүрэхгүй. Тэгэхээр хэн алдагдалтай ажиллахыг хүсэх юм бэ. Алдагдалтай ажиллахгүйн тулд бид зардал бага гардаг газраа сурах бичгээ хэвлэчихээд л сууж байна. Энэ нь ч бидэнд амар шүү дээ. Ерөөсөө энэ сурах бичгийн асуудал олон хүнд бизнес гэж харагддаг учраас л жил бүр хэвлээд л үүнээсээ ашиг олох гэсэн яамны бодлого яваад байна. Үүнийг нь хэн ч анзаарахгүй байгаа юм.
-Та бодит жишээгээр тайлбарлавал?
-БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр 2009 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7, Бага дунд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 хэсэгт заасныг үндэслэн “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ыг баталж мөрдүүлэх тухай 131 дүгээр тушаалыг гаргасан юм. Энэхүү журмын 1 дүгээр зүйлийн 1.3 хэсэгт “Энэ журмын дагуу хэвлэгдсэн сурах бичгийн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг яам эзэмшинэ” гэж заасан нь сурах бичгийг хамтран зохиогч хэвлэлийн эх бэлтгэгч компаниудын Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 11 зүйл, Төрийн өмчийн хороо, Оюуны өмчийн газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 249/43дугаар тушаалаар баталсан “Төрийн хөрөнгөөр бий болсон оюуны өмчийг үнэлэх, бүртгэх, ашиглах, хадгалах журам”-тай зөрчилдсөн заалт болсон. Мөн БСШУЯ-ны явуулж байгаа үйл ажиллагааны талаар иргэд байгууллагаас ирүүлсэн гомдлын мөрөөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын боловсролын хяналтын байцаагч нар өнгөрсөн онд Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 755 сургуулийн 705 сургуульд нь хяналт шалгалт хийсэн. Үүнд бага ангид 944 мянга 538 сурах бичиг шаардлагатайгаас 568 мянга 870 хэвлэсэн. Нийлүүлэлт нь 60 хувь, 375 мянга гаруй сурах бичиг дутагдсан. Үүнээс харахад 300 гаруй мянга хүүхэд сурах бичиггүй хичээлийн жилийг өнгөрөөсөн байгаа юм. Энэ мэт яриад байвал олон жишээ баримт бий.
-Жил бүр сурах бичиг хэвлэхгүйгээр нэг стандартаар явж болдоггүй юм уу. Энэ жил хэрэглэгдсэн ном дараа жил нь ямар ч хэрэггүй болдог?
-Энэ л бизнес байхгүй юу. Жил бүр зохиогоод хэвлээд байгаа нь мөнгө олох л нэг арга. Манай стандартад нийцсэн нэг номыг хоёр, гурван жил хэрэглээд байвал болно шүү дээ. Уг нь бусад оронд бол нэгдүгээр ангийн сурах бичиг хэвлэсэн хүн 2-5 дугаар анги хүртэл нь ном зохиоход оролцох ёстой. Гэтэл манайхан хэн дуртайд нь сурах бичиг зохиох эрх олгоод тэр нь нэг жил хэрэглэгдээд л дараа жил нь хэрэггүй болж байгаа юм. Анх суурийг нь тавьсан хүн дараа дараагийн шатанд заавал оролцох ёстой. Яагаад гэвэл тэр хүн сууриа яаж тавьсан цааш нь яаж үргэлжлүүлэх вэ гэдэгт санал өгөх ёстой. Ерөнхий боловсрол эзэмших явцдаа сурах бичгээр дамжуулж хүүхэд мэдлэг олж авахаас гадна цаашдын амьдралдаа оролцох бүх зүйлийг суралцах ёстой байдаг.
-Боловсрол мэргэжлийн ажил биш, бизнес болсон гэвэл та зөвшөөрөх үү. Чанартай чанаргүй энэ олон их, дээд сургууль, сургалтаа оромддог дунд сургууль, мөнгө хөөсөн цэцэрлэг гээд л ..?
-“Хамтарсан Засгийн газар” нэртэй ч хэрэг дээрээ хоёр нам өвөр түрийдээ орж, мөнгө нь нэг хэтэвч рүү цутгадаг болсон цагаас “Бүхнийг төрийн мэдэлд” гэсэн уриа үйлчилж, зөвхөн сурах бичиг ч биш, яам тамгын газраас хамааралтай олон талын бизнес цэцэглэн хөгжиж эхэлсэн. Ийм бизнесийн дайрлага хүүхэд, багш, эцэг эх, сургуулиудыг хамарч, тэднийг зөвхөн яамны дохио зангааг харж суух арчаагүй амьтад болгож байна. Хүнийг хөгжүүлэх бус харин дуулгавартай ноомой болгож, бие даасан үзэл бодлыг нь үгүй хийхэд боловсролын салбарт захиргааны арга голлох үүрэгтэй болж. Энэ салбарт оюуны хүч, хөдөлмөрөө зарцуулж, цаг үеэ олсон олон асуудлаар бүтээл туурвил гаргах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүмүүс манайд улам цөөрсөөр байгаа нь харамсмаар. Үүний учир шалтгаан бол нэг талаар боловсролыг мэргэжлийн ажил биш болгосных, нөгөө талаар эрх мэдэл боловсролд бус, сонгуульд чиглэгдэх болсных. Ирэх сонгуулийг угтан олон түмэнд тал засч хийсэн энэ засгийн нэг ажил бол сурах бичгийг үнэгүй болгосон явдал. Ингэснээр ном сурах бичгийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс ажлаа орхиж, орон нутагт арай гэж эмхлэгдэж эхэлсэн номын худалдаа ч тарж бутраад, өнөөдөр сурах бичиг зөвхөн цаг зуурын дамын наймаа худалдаа болж хувирлаа.
-Сурах бичгийг үнэгүй тараах нь буруу гэж үү?
-Үнэгүй тарааж болно. Гэхдээ үнэгүй тараагдаж байна гээд хэн дуртай нь зохиогоод, хэвлээд тараачихдаг биш. Үнэгүй тараана гээд хэдхэн ширхгийг хэвлэчихээд үлдсэнийг нь худалдаалах зөвшөөрөл олгочихож байгаа юм. Үнэгүй тараахаар хүүхдийнхээ тоог харгалзаад хэвлэсэн ч хүрэлцэхгүй байна. Тиймээс худалдаж ав гээд сууж байдаг. Анхнаасаа зохиогчоо өөрсдөө сонгоод, хэвлэх компаниа өөрсдөө сонгосон юм чинь тэдэнд ашигтай байна шүү дээ. Дэлхийн аль ч улс оронд сурах бичгийг зохиох, хэвлэх нь тодорхой баримтлалтай байдаг. Манайд олон шат дамжлага дамжиж мөнгө олох арга болоод байгаа болохоос бусад оронд бол тийм биш байдаг. Үнэгүй тарааж, хуваарилах ёстой юмыг “яахыг яам л мэднэ” гэсэн бэлэнчлэх сэтгэлгээгээр сольсон улс төр олон зүйлийг энэ мэт замаас нь гаргаж, боловсролыг доройтуулсаар байна. Үүний үр дагавар нь бидний даган дуурайх дуртай улс орнуудын жишгээс хол зөрүүтэй харин ч бүр хамгийн үрэлгэн, хамгийн их хүнд суртал дагуулсан, хүүхэд багшид хамгийн хохиролтой бүтцийг бий болгосон байгаа юм.
-Бусад улс орнууд энэ асуудлаа яаж шийддэг юм бол?
-Ойлгоход их амархан. Тэнд мэргэжлийн байгууллагууд нь зөвхөн өөр өөрийн чиглэлээр л ажилладаг. Манайх шиг яам тамгын газар нь захиргаадаж, өөрт нь огт хамааралгүй ажилд оролцоод явдаггүй юм. “Боловсролын давалгаа” ТББ-гаас гаргасан дараах хүснэгтээс манай яамны хүнд суртал маш тодорхой харагдана, үүнийг олон хүн хараасай, мэдээсэй. Сурах бичгийн тендер, зохиох явц бусад оронтой харьцуулсныг дараах хүснэгтэд харуулав.
"Ардын эрх" сонин