-Ерөнхий сайд С.Батболдыг огцруулахтай холбоотойгоор УИХ-ын нэр бүхий гишүүдийн гаргасан албан бичгийг УИХ хэрхэхээр болж байна вэ. Хэвлэлүүдэд “Гишүүдийн гаргасан саналыг УИХ хүлээж авах боломжгүй гэх юм уу, эсвэл УИХ хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ” гэх мэдээлэл гараад байна. Хууль эрх зүйн хүрээнд хэрхэн тусгасан байдаг юм бэ?
-Өнөөдөр өглөө /өнгөрсөн бямба гариг/-ний байдлаар УИХ-ын нэр бүхий есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах санал тавих тухай албан тоот УИХ-ын даргад өргөгдөөд Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны даргад цохогдож байна. Уг албан бичгийг цаашдаа хоёр байнгын хорооны хуралдаанаар хэрхэн авч үзэх тухай яригдана. Мөн даргын зөвлөлийн хуралдааны үеэр асуудлыг хэдийд авч хэлэлцэх тухай яригдана гэж бодож байна. Хууль зүйн үндэслэлийн тухайд “Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрын бүрэн эрх Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, дараагийн Ерөнхий сайдыг шинээр томилсноор дуусгавар болно. Ерөнхий сайд эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн үндсэн логик бүхий зохицуулалтууд Монгол Улсын Үндсэн хуульд байдаг. УИХ-ын гишүүдээс тавьсан саналыг харахад УИХ-ын бүрэн эрх, УИХ-ын тухай хуулийн гишүүний бүрэн эрхтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд нь УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтанд асуудал тавих, хариулт авах, огцруулах болон эргүүлэн татах санал гаргах бүрэн эрхийнхээ дагуу асуудал тавьсан гэсэн үндэслэлийг албан тоотдоо дурдсан байсан. Цаашдаа хэлэлцүүлэг байнгын хороодын төвшинд явах учраас хэлэлцүүлэг хэрхэн өрнөхийг урьдчилан хэлж мэдэхгүй.
-Хуульч хүнийхээ хувьд та хэрхэн харж байна вэ?
-Уг нь би нэр бүхий гишүүдийг асуудал тавьсны дараа хувь хүн, хуульчийнхаа хувьд Үндсэн хуульд ийм боломж байгаа юу, хууль зүйн үндэслэл байгаа юу гэдэгт хариулт өгсөн. Нэг ёсны Үндсэн хуулийн зохицуулалтын хүрээнд ийм боломж олж харахгүй байгаа гэдгээ илэрхийлсэн. Ер нь УИХ-ын гишүүдийн дотор ч, хуульчдын дотор ч энэ асуудлын хүрээнд байр суурь өөр байна. Тухайлбал, УИХ асуудлыг огт хүлээн авах боломжгүй гэдэг хатуу байр суурь байна. Нөгөө талаасаа тодорхойгүй байгаа хууль эрх зүйн орчныг хэлэлцэж, ярилцаж нэг тийш болгосны үндсэн дээр цаашдаа Монгол Улсад ийм жишиг байх юм уу, цаашдаа нэг тийш шийдэхэд жишиг болж тогтох юм гэсэн байр суурьтай хүмүүс ч байна. Ерөөсөө асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломж байгаа шүү дээ гэх байр суурьтай хүмүүс ч бий. Харин УИХ хүлээж авах, авахгүйн тухайд өөр. Нэгэнтээ асуудлыг УИХ-ын даргад өргөн мэдүүлчихсэн байхад миний зүгээс “УИХ асуудлыг хэлэлцэх боломжгүй” гэж ярих үндэслэл байхгүй шүү дээ.
-Гэхдээ Үндсэн хуулийн заалтад дөрөвний нэгээр асуудлыг хэлэлцэж болно гээд тодорхой заачихсан юм биш үү?
-УИХ-ын тухай хуульд тодорхой тусгасан байгаа л даа. Түүнд УИХ-аас томилогддог, сонгогддог албан тушаалтанд асуулт тавьж хариулт авах, эргүүлэн тавих, огцруулах санал гаргах эрхтэй. Тэр заалт маань Үндсэн хуульд тэр хэвээрээ, УИХ-ын бүрэн эрхийн заалт дотор бас байгаа. Харин Засгийн газрыг огцруулахтай холбоотой хэсэг бол Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд хувь гишүүний бүрэн эрх гэхээсээ илүү, дөрөвний нэг нь нийлж байж асуудлыг тавих юм гэсэн байдлаар томъёологдсон байдал ажиглагдаж байгаа. Энэ талаар хуульч гишүүд ч, хуульч нар ч өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байгаа. Тэгэхээр энэ заалтыг Ардын Их хурлаар, Бага хурлаар хэлэлцэх явцад яаж ойлголцож хэлэлцэж вэ гэдгийг манай хуулийн хэлтсийнхэн нарийвчлан гаргаж ирэхээр ажиллаж байна.
-Нэр бүхий есөн гишүүний хувьд Засгийн газрыг огцруулах гэдэг утгаар биш Ерөнхий сайдыг огцруулна гэдэг утгаар асуудлыг тавьсан. Тэгэхээр асуудал яаж эргэх вэ?
-Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд Ерөнхий сайдыг огцруулах гэдэг процедурыг нарийвчлан заагаагүй байдаг юм. Өөрөөр хэлбэл, миний хэлээд байгаа санаа бол Үндсэн хуулийн хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг заагаагүй, харин Засгийн газрыг огцруулах асуудлыг заасан байдагт гол зангилаа үүсээд байгаа хэрэг л дээ. Түүнчлэн Засгийн газрын гишүүнийг мөн дангаар нь огцруулах асуудлыг Үндсэн хуульд заагаагүй. Тэгсэн хэрнээ бусад хуульд Засгийн газрын гишүүнийг огцруулах, Ерөнхий сайдыг огцруулах гээд заачихсан байдаг ч асуудлыг өргөн мэдүүлснээс хойшхи хэлэлцэх процедурыг нарийвчилсан юм байхгүй. Тэгэхээр үүнийг бид яаж үзэх вэ гэхээр Үндсэн хуулийнхаа хэлбэрээр л авч үзэх ёстой болно.
-УИХ-ын тухай хуулийн 7.1.12-т энэ асуудлыг яаж заасан байдаг юм бэ?
-УИХ-ын тухай хуулийн 7.1.12-т УИХ-ын гишүүний бүрэн эрх дээр санал тавих. Гэхдээ УИХ-аас томилогдсон сонгогдсон албан тушаалтан гэж байгаа. Гэтэл Үндсэн хууль дотроо Засгийн газрын асуудлыг тусгайлаад заачихсан. Тэгэхээр УИХ байсан ч бусад хууль Үндсэн хуульдаа захирагдах ёстой.
-Тэгвэл УИХ-ын тухай хууль Үндсэн хуулийг зөрчжээ гэж ойлгох болох уу?
-Энэ асуудлыг урьдчилаад тэгчихэж, ингэчихэж гэж хэлэх боломжгүй. Байнгын хороодоор нарийвчилж ярьж таарна.
-Гол нь Үндсэн хуулийн заалтаа дагаж асуудалд хандана гэвэл УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломжгүй юм биш үү?
-Урьдчилаад тэгнэ ингэнэ гэж хэлж чадахгүй нь. Хууль зүйн асуудал эргэлзээтэй тодорхой биш байгаа нөхцөлд бүх талаасаа хууль зүйн асуудал яригдана л гэж харж байна. Гол нь одоо УИХ-ын шийдэл яаж гарах түүнээс нэлээд зүйл шалтгаалах гээд байна л даа.
-Асуудал эргэлзээтэй араасаа олон асуултын тэмдэг дагуулсаар байгаа нөхцөлд асуудлыг аль ч өнцгөөс тавьж болох юм биш үү?
-Асуудлыг хэлэлцээд шийдээд явахад өргөн мэдүүлсэн нь зөв байж уу, буруу байж уу гэдэг ч юм уу, хууль эрх зүйн үндэслэл нь ямар байсан юм бэ гэдэг ч юм уу янз бүрийн асуудал яригдахыг үгүйсгэх аргагүй. Шууд огцруулах үндэслэл байж уу үгүй юү гээд л…Жишээлбэл, Ерөнхий сайд хууль зөрчиж үү, үгүй юү гэдгийг ярьж болно. Тэгэх юм бол кнопоо дараад олонхиороо огцруулах ёстой юу үгүй юу гэдгийг шийдчих байх. Тэр асуудлыг ярихын өмнө хууль эрх зүйн үндэслэл нь тийм байжээ гээд асуудал бас босч ирэхийг үгүйсгэхгүй. Тийм болохоор хоёр байнгын хороогоор асуудлыг хэрхэн авч үзэхээс асуудал хамаарна.
-Үндсэн хуульд оруулсан заалтуудын хариу хэзээ гарах бол?
-Үндсэн хууль нь асар олон хэлэлцүүлэг дамжиж гарсан байдаг. Маш олон цагийн хурлууд болж тэр бүх тэмдэглэлүүд хадгалагдаж үлдсэн байдаг. Тийм болохоор маргаантай байгаа тэдгээр асуудлыг ямар агуулгаар ойлгож оруулсан бэ гэдгийг манай Тамгын газрын хуулийн хэлтсийнхэн судална. Байнгын хороогоор асуудлыг авч хэлэлцэх шатанд бэлэн болчих болов уу.
-УИХ-ын Тамгын газрын хуулийн хэлтсээс гаргасан саналыг УИХ хүлээж авдаг уу?
-Хууль зүйн хувьд ийм байна гэдгээ хэлдэг. Асуудлыг шийдэх эрх нь УИХ-д бий шүү дээ.