“Нэгийн эсрэг 99”-ийн хувьсгалд нэгдэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

“Нэгийн эсрэг 99”-ийн хувьсгалд нэгдэх үү?

“Нэгийн эсрэг 99”-ийн хувьсгал буюу “Уолл Стритийг эзлэх” хөдөлгөөнийг Монголд “нийлүүлэв”. Уг “бүтээгдэхүүн”-ийг импортлогч нь Монголын үйлдвэрчний эвлэлүү­дийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар. Анх Нью-Йоркийн сан­хүү­­­гийн гудамжнаас түгсэн энэхүү хөдөлгөөнийг эх орондоо хэрэгжүүлэх болсон шалтгаан нь “Монголын банкууд зээлийн хүүгээ хэт өндөр тогтоон иргэд болон бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байгаа явдал” гэдгийг дагалдах тайлбартайгаар мэдэгдсэн. Тэрбээр “Дэлхий дахинд жилийн зургаан хувийн зээлийн хүүг эсэргүүцэн тэмцэж байхад жилийн 20-25 хувийн хүүгээр дарамтлуулж, дээрэлхүүлж байгаа Монголын ард иргэд бид зүгээр сууж болно гэж үү. Яг л Манжийн үед мөнгө хүүлэлтээр ард түмэн нь туйлдаа хүрч байсан шиг гадаадынхны гар хөл болсон Монголбанк, Сангийн яамны золиос болж монголчууд бид маш их хохирч байна. Энэ байдлаас гарахын тул энэ хөдөлгөөнийг бид өрнүүлж байна. Зээлийн хүүд баригдаж эзлэгдсэн Монгол орноо аваръя. Зээлийн хүүг дор хаяж нэг оронтой тоонд шилжүүлэх бүрэн боломжтой. Бид үүний тулд тэмцэнэ”  гэдгээ ч дуулгасан юм. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, зургаан хувийн хүүтэй зээл гаргахаар болсноо Ерөнхий сайд зарласнаас хойш цөөнгүй хугацаа үджээ. Хавар, зун, намар гээд л. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байх үеэр “Нэгийн эсрэг 99”-ийн хувьсгалыг нийгэмчлэх нь хэнд юуны ашигтай байсан юм бол. Зургаан хувийн хүүтэй зээлийн хойноос зун намаржингаа л иргэд нүдээ хөхөртөл ширтэж, чихээ дэлдийлгэж байгаад хүлээсэн. Хөгжлийн банкны ширээн дээр гацчихсан хөтөлбөр хааччихсан бэ гэдгийг хэн ч эрэл сурал болж, иргэдийн өмнөөс гүйгээгүй шүү дээ.

Ноён С.Ганбаатарын хэлснээр Сангийн яам, Монголбанк, эрдэмтэд, ажил олгогч эзэд болон МҮЭХ-ны төлөөллөөс бүрдсэн зохих хүмүүс хэлэлцээр хийн, зээлийн хүүг эхний ээлжинд нэг оронтой тоонд оруулах талаар ярилцах хэрэгтэй гэнэ.  Мэдээж зээлийн хүүг бууруулахын тулд инфляци тогтвортой байх ёстой. Инфляцийг тогтворжуулахын тулд элдэв янзын халамж, тэтгэмж, цалингийн өсөлт, сая саяар тараах мөнгөний асуудал тэглэгдэх ёстой. Зээлийн хүү буурах эсэх Монголбанкны захирлуудын хурлын шийдвэрээс хамаарна. Тэд бодлогынхоо хүүг бууруулбал, зээлийн болон хадгаламжийн хүү буурах нь тодорхой. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53 хувиар нэмэгдүүлж, хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая саяар нь бэлэн мөнгийг Засгийн газраас цацаад эхэлбэл, улстөрчдийн сонгуулийн шоуны талбарыг тогтвор­жуулахын тулд бодлогын хүү цаашид өсөхгүй гэх баталгаагүй байгаа. Энэ тохиолдолд “Уолл Стритийг эзлэх”-ээр мөрөөдөж яваа Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгчийн мөрөөдөл будаа болох нь тодорхой.

Дэлхийн 1000 гаруй хотод өрнөөд байгаа “Нэгийн эсрэг 99” хөдөлгөөнийг зарим ажиглагчид капитализмыг үзэн ядах сэтгэлгээний тэсрэлт хэмээн дүгнэж байгаа. Нью-Йоркоос эхэлсэн энэхүү хөдөлгөөн  Европ болон Азийн орнуудаар тархаад байна.

Өнгөрсөн долоо хоногт уг хөдөлгөөнд 99-ийн эсрэг нэг хувийн төлөөлөгчид болох зарим баячууд нэгдсэн байна. Тэд “Бид нэг хувь нь. Тиймээс бид 99 хувийг дэмжиж байна!” гэсэн уриаг интернэт сайтуудаар бичиж эхэлсэн бөгөөд энэхүү хувьсгал дэлхийн санхүүг өөрчилж чадах уу гэдэгт мөн л олон хүн эргэлзэж байгаагаа сайтуудаар илэрхийлжээ. Ямар ч байсан дэлхий дахинд өрнөөд байгаа “Нэгийн эсрэг 99”-ийн хувьсгалаас монголчууд хоцорсонгүй. Одоо монголчууд  “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг гацааж, зургаан хувийн хүүтэй зээл гаргахыг эсэргүүцээд буй Хөгжлийн банкны өмнө хөөрхөн жагсаал хийчихвэл ч болоод явчихна даа. “Уолл Стритийг эзлэх” гэснээс дотооддоо гацчихаад байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр яачихсан бэ, зургаан хувийн хүүтэй зээл юу болж байна хэмээн жагсаал өрнүүлсэн бол хоёр гараа өргөн дэмжих хүмүүсийн тоо хоёр саяд хүрэх байсан ч юм билүү, хэн мэдэх вэ.

Ж.Эрхэс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж