Шилжилт хөтөлбөр ”хангалтгүй” дүн авлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Шилжилт хөтөлбөр ”хангалтгүй” дүн авлаа

Ерөнхий боловсролын тогтолцоог 12 жилийн хугацаатай болгох зорилгоор шилжилт хийж долоо, наймдугаар ангийн хүүхдүүд анги дэвшин суралцаж байгаа билээ. Тэгвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 12 жилийн сургуулийн 7, 8 дугаар ангийн шил­жил­тийн сургалтын төлөвлөгөө, хөтөл­бөрийн хэрэгжилт, явцад шалгалт хийсэн байна.

Шалгалтыг дөрвөөс тавдугаар сарын хооронд улсын хэмжээнд зохион байгуулсан аж. Шалгалтаар ерөн­хий боловсролын шилжсэн долоо, найм­дугаар ангид нийт 136 мянга 332 сурагч 280 хичээлийн байранд суралцах ёстой ч 174 мянга 351 буюу 50 мянга гаруй сурагчаар илүү, 58 сургуульд бүлэг дүүргэлт байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн байж. Стандарт нормоосоо давж нэг ангид 35-58 сурагч суралцаж байгаа нь эрүүл ахуй, сурлагын амжилт, эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байна гэж үзжээ. Өнгөрсөн оны байдлаар шилжилтийн долоо, наймдугаар ан­гид сурах бичиг цаг хугацаандаа тараагдаагүй, түгээлт зохион байгуулалт муу байснаас хичээлийн жил дуусах хугацаанаас өмнө сурах бичигтэй болсон зэрэг дутагдал ч илэрсэн бай­на. Стандартын дагуу шилжилтийн хөтөлбөрийг зохиож аймаг, сумдад хүргүүлсэн ч уг хөтөлбөрт тохирсон сурах бичиг долдугаар ангид байхгүй, наймдугаар ангид 17 төрлийн сурах бичиг зохиогдсон ч хугацаандаа хүрээ­гүй, зөвлөмжилсөн сурах бичгүүд нь хө­төл­бөрөөс зөрүүтэй байсныг шалгал­таар тогтоожээ.

БСШУЯ-аас шилжилт хөтөлбөрт оруулж байгаа бол сурагчдын нас, сэтгэхүй, онцлогт тохирсон агуулга бүхий хөтөлбөр зохиох ёстой. Зурга­дугаар ангиа төгсөөд шууд наймдугаар ангид элсэн орж буй хүүхдийн онцлог, сэтгэхүйд тохирсон стандартыг баталж, үүндээ тохирсон ном сурах бичгээр хангах нь тус яамны үүрэг билээ. Гэтэл Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалтгалтаар шилжилтийн сургалтын хөтөлбөр нь тус ангийн сурагчдын нас, сэтгэхүй, хөгжлийн онцлогт тохироогүй, агуул­га нь хүндэдсэн, практик дадлага хийх цаг хангалтгүй, сурагчдыг залхаа­сан, тэдгээрийн сурах сонирхлыг буу­руу­лахад нөлөөлж бай­­гаа хүчин зүйлийн нэг гэж үзсэн байна. МХЕГ-ын хяналтын хуудсаар шалгахад 92 хувь нь математик, монгол хэл, гадаад хэлний хичээлээс бусад хичээлээр стандартын хэрэгжилтийг тогтоож тодорхой арга хэмжээ авдаггүй нь сургалтын стандартын хэрэгжилт хангалтгүй гэж үзэхэд хүргэсэн гэж МХЕГ-ын улсын байцаагчид хэлж байлаа. Үүний хамгийн тод жишээ нь багш, сургалтын менежерээс авсан судалгаа юм. Судалгаагаар нийт багш, сургалтын менежерийн 57 хувь нь хөтөлбөрийн дагуу зохиогдсон сурах бичиггүй, 30 хувь нь хөтөлбөрийн талаархи ойлголтууд зөрүүтэй, 11 хувь нь сургалтын хөтөлбөрөөс судлах цаг гардаггүй гэсэн байна.

Шилжилтийн долдугаар ангийн суралцагчдын хичээл дээр хийж буй үйл ажиллагаа, түүний танин мэдэхүйн төвшин нь агуулгаас хамаарч харилцан адилгүй байгаа боловч ихэнхдээ сэргээн санах үйлдэл гүйцэтгэх төвшний үйл ажиллагаа давамгайлсан мэдлэг, тодорхой төвшинд олгогдох боломжтой, харин асуудал шийдвэрлэх төвшний үйл ажиллагаа хангалтгүй, мэдлэгийг хэрэглээ болгож чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Цаашид багш нар мэдлэг эзэмшүүлэхэд илүү анхаарч, сурагчдын сурах орчин, тэдний сэтгэхүй, насны онцлогт тохирсон стандартын хөтөлбөрийг дахин боловсруулж, сургалтын стандартад нийцүүлэх нь чухал байна гэдгийг улсын байцаагчид дүгнэлээ. Эндээс харахад бид 12 жи­лийн стандартад шилжиж байгаа нь сайшаалтай ч харин хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон стандартын дүрэм, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Гэвч одоо ч энэ стандартаар хичээллэсээр л байгаа. Харин үүнийг эргэн судалж, сургалтын хөтөлбөрийг зохиоход нь тал талын мэргэжилтнүүдийг оролцуулж зохиох чухал болжээ. Үүнийг одоо л засч залруулахгүй бол сургалтын тогтолцооны алдаанд өртөгсдийн бүхэл бүтэн үе бий болох вий.

Ш.ОЮУН

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж