Усны тооллогын улсын дүн гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Усны тооллогын улсын дүн гарлаа

Монгол орон даяар усны нэгдсэн тооллого хийж, дүнгээ гаргах ажил өнгөрөгч долоо хоногт бүрэн дуусчээ. Усны тухай хуульд заасны дагуу усны эх үүсвэрийн тоо, нөөц, чанар, ашиглалт болон хаягдал усны хэмжээ, бүртгэлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд жилдээ нэг удаа орон нутгийн төсвийн хөрөнгөөр, харин улс орон даяар дөрвөн жилд нэг удаа улсын төсвийн хөрөнгөөр тооллого явуулдаг аж. Тодруулбал, Усны тухай хууль гарснаас хойш буюу 2003 оноос хойш Монгол орон даяар гурав дахь удаагийн тоолллогоо энэ жил хийгээд байгаа юм.

Энэ жилийн тооллогоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А-124 тоот тушаал, Усны газрын даргын А-34 тоот тушаалаар орон нутагт ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын нарийвчилсан удирдамж, зааварчилгааг гарган энэ оны тавдугаар сарын 15-наас эхэлж, долдугаар сарын 20 хүртэл улсын хэмжээнд 54 групп, 1586 хүн ажиллажээ. Тооллогын дүнг ирэх сарын 15-ны дотор  БОАЖ-ын Сайдын зөвлөлд  үр дүнг  тайлагнах юм байна.

Энэ удаагийн тооллогын үеэр ҮАБЗ-өөс ирүүлсэн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын есөн дүүрэгт Усны газар, Нийслэлийн байгаль хамгаалах газар, бүх дүүргийн ЗДТГ-тай хамтран холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан тоо бүртгэл явуулсан байна. Нийслэлийн хэмжээнд бүхий л иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн шинээр гаргасан болон сэргээн засварласан гүний өрөмдмөл худгийг бүртгэх, усны дээж авч шинжилгээнд оруулах ажлыг эхлүүлсэн авч энэ ажил хүндрэлтэй, цаг хугацаа их шаардаж байгаа талаар ажлын хэсгийнхэн ярьж байна. Оршин суугчдын зарим хаяган дээрээ байдаггүй, ихэнх тохиолд гэр нь эзэнгүй байхын зэрэгцээ худал мэдээлэл өгдөгөөс бүртгэлийг үнэн зөв гаргахад саад учруулсан тухай тайланд дурджээ. Мөн энэ жилийн усны тооллогыг зохион байгуулахад техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, унаа тээвэр, шатахууны хомсдол нөлөөлж, шаардлагатай газруудаас усны дээж авчруулах, зарим нэгэн горимын хэмжилт хийх ажил тасарсан байна.

551 гол горхи тасарчээ

Монгол орны хэмжээнд хоёр буюу түүнээс олон аймгийн хил дамжин урсдаг 56 гол мөрөн, гурван томоохон нуур байдаг аж. Тиймээс орон нутагт тооллого зохион байгуулсан ажлын хэсгийнхэн гол горхи, нуур, тойром, булаг шанд, рашаан, мөнх цас, мөсөн гол, худаг, услалтын систем, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын далан, усан цахилгаан станц, усан сан, хөв, цөөрмийг газар дээр нь бүртгэж, бүртгэлийн маягт болон холбогдох мэдээллийг гурван хувь үйлдэж сум, аймагт тус бүр нэг хувийг гаргаж өгчээ. Улсын хэмжээнд нийт 6646 гол горхи тоологдсоноос устай бүртгэгдсэн нь 6095 байна. Үлдсэн 551 гол горхи тасарсан, буюу шургасан, ширгэсэн байна. Оны хур тунадасны байдал, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч гол, горхи газар орон бүрд харилцан адилгүй хэмжээгээр нэмэгдэж, урьд оныхтой харьцуулахад нэмэгдсэн эерэг өөрчлөлтүүд ч гарсан байна. Олон жилийн дунджаас бага хур тунадастай байсан 2003-2007 онуудтай харьцуулахад хатаж ширгэсэн голын тоо цөөрчээ.

Энэ онд 6-8 дугаар сард хур тунадасны хэмжээ нэлээдгүй нэмэгдсэнээс эдийн засгийн болоод хүн ам, аж үйлдвэр төвлөрсөн төвийн бүс, мөстлөөс голлон тэжээгдэх Алтайн нурууны ар, хур борооны усаар тэжээгддэг Хангайн нуруунаас эх авсан голуудын урсац нэмэгдсэн ч Онон, Улз голын сав газар, говь тал хээрийн бүсэд хатаж ширгэсэн голын тоо олширсон байна.

Монгол орны хэмжээнд нийт 3613 нуур, тойром тоологдсоноос 3130 нь устай, үлдсэн 483 ширгэсэн байна. Анх 2003 онд 4639 нуур тоологдсоноос 780 гаруй нь ширгэсэн, 2007 онд 3732 тоологдсоноос 1163 ширгэсэн байсантай харьцуулахад арай дөнгүүр үзүүлэлт гарсан бололтой. Гэвч устай тоологдож буй нуур, тойрмын тоо жилээс жилд багасч байгаа нь санаа зовох үзүүлэлт яалт ч үгүй мөн. Говь, тал хээрийн бүсэд бороо, цасны уснаас тогтсон жижиг нуур тойром 2003 онд ихээр тоологдсон байсан нь тухайн жилд одоогийнхтой харьцуулахад хур бороо элбэг, гадаргын усны тэжээгдэл сайтай байсантай холбоотой аж. Сүүлийн жилүүдэд хур тунадасаар тэжээгддэг ихэнх жижиг нуур, тойрмууд хатаж ширгэсэн байна.

9000 гаруй булаг шандаас 7000 гаруй нь устай…

Энэ удаагийн тооллогоор нийт 9320 булаг шанд бүртгэгдсэнээс 7441 булаг, шанд устай тоологджээ. Тооллогод хамруулсан бас нэг зүйл нь усны инженерийн хийцтэй барилга байгууламж байлаа.

Үүнд цэвэрлэх байгууламж, үе­рийн хамгаалалтын даланг хам­руулж, бүртгэн ашиглалтын байдал, хүчин чадлыг нь тодорхойлсон бай­на. Улсын хэмжээнд 64 үерийн хамгаалалтын далан бүртгэгдсэнээс хүчин чадал нь тодорхой 35 далан /нийт 128 км урт/, тодорхойлох бо­ломжгүй /хүний гараар сүйтгэгдсэн, хөрсний нүүдэлд дарагдсан, сэтэрсэн, ашиглалтаас гарсан зэрэг шалтгаантай/ 29 далан тоологджээ. Мөн улсын хэмжээнд 66 цэвэрлэх байгууламж, одоо ашиглаж байгаа 13 усан цахилгаан станц байна.

Худаг: Улсын хэмжээнд 34313 худаг тоологдсоноос өрөмдмөл гүний худаг 6510, богино яндант болон эвдэрсэн худаг 1595, энгийн уурхайн буюу ардын худаг 26208.

1934 оноос хойш гаргасан 17000 гаруй худгийг байр зүйн солбицол, байршил, ашиглалт, усны чанар зэргийг тодорхойлон бага, дунд масштабтай зурагт буулгаж электрон хэлбэрт хөрвүүлэх ажлыг хийж байна. 2009 оноос шинээр болон сэргээн засварлаж гаргасан 1700 гаруй худгийн албан ёсны дүн, тайланг  ХХААХҮЯ-наас Усны газарт ирүүлээгүй байна.

Усны нөөц: 1938 оноос 2010 он хүртэл нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын доорх усны 226 ордын нөөцийн тайланг хүлээж авчээ. 

Рашаан: 2008 оны тооллогоор рашааны үнэлэмж хангаж болохуйц рашаан, рашаан төст булаг 473 тоологдсоноос устай 420 рашаан, 2003 онд 374 тоологдсоноос устай 364 рашаан, 2007 онд 429 тоологдсоноос устай 369 рашаан байсан байна. Одоогоор байдлаар улсын хэмжээнд ашиглагдаж байгаа ес, бүс нутгийн хэмжээнд ашиглах гурван рашаан, аймгийн хэмжээнд ашиглаж байгаа 18, сумын хэмжээнд ашиглах 15 рашаан,  ашиглах боломжтой  эмчилгээний нуур болон шаврын орд 12, савлаж ашиглах боломжтой рашаан 11 байна.

БОАЖ-ын сайдын 2009 оны тушаалаар нийт 429 рашааныг хамруулан усны дээжийг судлуулснаас рашааны үнэлэмж хангахуйц 265 рашааныг усны мэдээллийн санд бүртгэсэн байна.

Баянбүрд: Монгол орны хэмжээнд одоогийн байдлаар судлагдсан 30 баянбүрд байдаг. Олонх нь Алтайн нуруунаас дорнод Монголын тал хүртэл өргөн уудам нутгаар байрлалтай. Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан говийн баян бүрдийн ихэнх нь тэнцвэрт байдлаа алдан хатаж ширгэсэн, эргэн тойрондоо ургамал, амьтны аймаггүй болсон байна.

Мөнх цас, мөсөн гол: Энэ онд 225 мөнх цас, мөсөн гол тоологдсоны ихэнх нь Баян-Өлгий аймагт байна. Тус аймагт 182, Ховд аймагт долоо, Увсад 33, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймагт тус бүр нэг бүртгэгдсэн байна.

Б.Гал

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж