УИХ-ын тухай хуулийн заалт үндсэн хууль зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

УИХ-ын тухай хуулийн заалт үндсэн хууль зөрчсөн гэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц  Дунд суудлын өнгөрөгч баасан гаригийн хуралдаанаараа иргэн Ц.Энхжингээс ирүүлсэн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг  зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцангийн зүгээс “үйлдэл дээрээ баригдах онцлогтой гэмт хэргүүдэд хүчин, дээрэм, хулгай ордог. Ийм хэргүүдийг УИХ-ын гишүүн хийхгүй байх. Тэгэхээр энэ заалт нь эдийн засгийн гэмт хэрэг болох авлига, луйвар хийхийг хайцаалсан заалт болох биш үү” гэж асуулаа. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Гончигдорж гэмт хэргийн дээрх онцлог шинжтэй нь мэтгэлцэх аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа хэлсэн ч авлига авч байхдаа баригдах боломж бий. Энэ заалтаар УИХ-ын гишүүн ял завших зүйл байхгүй. УИХ-ын гишүүн байхаа больсон хойно нь ч хэргийг нь хэлэлцэх боломжтой гэх тайлбарыг хийлээ.  “Гишүүн байхаа больсон хойно нь” гэдэг тайлбар нь цэцийн даргад итгэл үнэмшил төрүүлсэнгүй. Н.Жанцан “Таны хувьд л гэхэд таван удаа УИХ-д сонгогдсон биз дээ. Энэ хооронд хэргийг хэлэлцэх хуулийн хугацаа дуусах боломж бий” гэж “амыг нь таглав”.

Нэхэмжлэгч гаргагч Ц.Энхжингийн тайлбараар “Энэ заалт нь гишүүн хүн гэмт үйлдлийнхээ явцад эсвэл хэрэг үйлдсэн газартаа эд мөрийн баримттайгаар баривчлагдвал бүрэн эрхийг нь түдгэлзүүлж хууль тогтоомжийн дагуу хэрэг үйлдсэн эсэхийг нь тогтоох болно гэх агуулгыг илэрхийлсэн. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хэрэг үүсгэж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсны дараагаар л хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдог. УИХ-ын тухай хуулийн 6,9,1 дэхь хэсгийн заалт нь УИХ-ыг гишүүн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хайцаалах, хэргийг илрүүлэн шүүх боломжийг хязгаарлаж буй гэж үзэж байгаа аж. Ингэснээр Үндсэн хуулиар заасан хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, ажил орлогоор нь ялгаварлан гадуурхахгүй байна гэсэн заалтыг зөрчин байна” хэмээв. Харин УИХ-ын төлөөлөгч энэхүү үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэв. “Энэхүү заалт нь УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлыг томъёолсон хэлбэр болохоос биш Үндсэн хууль зөрчсөн зүйл биш” гэдгийг ч хэлэв.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дээрх заалт нь “Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их  Хурлын  чуулганаар  хэлэлцэж,  бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал… -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргав.

 Мөн дүгнэлтэд, “Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан байтал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн заалтын агуулгыг хэт явцууруулан, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулсан байна” гээд дээрх заалтыг 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр заажээ.

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж