Нэхэмжлэгч гаргагч Ц.Энхжингийн тайлбараар “Энэ заалт нь гишүүн хүн гэмт үйлдлийнхээ явцад эсвэл хэрэг үйлдсэн газартаа эд мөрийн баримттайгаар баривчлагдвал бүрэн эрхийг нь түдгэлзүүлж хууль тогтоомжийн дагуу хэрэг үйлдсэн эсэхийг нь тогтоох болно гэх агуулгыг илэрхийлсэн. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хэрэг үүсгэж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсны дараагаар л хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдог. УИХ-ын тухай хуулийн 6,9,1 дэхь хэсгийн заалт нь УИХ-ыг гишүүн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хайцаалах, хэргийг илрүүлэн шүүх боломжийг хязгаарлаж буй гэж үзэж байгаа аж. Ингэснээр Үндсэн хуулиар заасан хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, ажил орлогоор нь ялгаварлан гадуурхахгүй байна гэсэн заалтыг зөрчин байна” хэмээв. Харин УИХ-ын төлөөлөгч энэхүү үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэв. “Энэхүү заалт нь УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлыг томъёолсон хэлбэр болохоос биш Үндсэн хууль зөрчсөн зүйл биш” гэдгийг ч хэлэв.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дээрх заалт нь “Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал… -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргав.
Мөн дүгнэлтэд, “Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан байтал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн заалтын агуулгыг хэт явцууруулан, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулсан байна” гээд дээрх заалтыг 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр заажээ.