УИХ-ын 2010 оны 54 дүгээр тогтоолоор 2010 оны аравдугаар сараас эхлэн “Алдарт эх” I, II зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгодог мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн билээ. Өмнө нь I зэргийн одонг долоо, II зэргийн одонг таван хүүхэдтэй эхэд өгдөг байсан бол энэхүү тогтоолоор I зэргийн одонг зургаан хүүхэд төрүүлсэн, II зэргийн одонг дөрвөн хүүхэд төрүүлсэн эх авахаар болж, “Алдарт эх”-ийн I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг, II зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 100 мянган төгрөг дагалдах болсон.
Өнгөрөгч баасан гаригт Чингэлтэй дүүргийн ИТХ-аас дүүргийнхээ эхчүүдэд “Алдарт эх”-ийн II зэргийн одон гардуулах ажиллагааг Үйлдвэрчний Соёлын төв ордонд зохион байгуулжээ. Эх орныхоо хөгжил дэвшил, хүн ам, удам судар, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өөрийн биеийг үл хайхран зүтгэж, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн их ач буяныг төр засаг, өндрөөр үнэлж 2011 онд УИХ-аас “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол улсын түүхэнд анх удаа хамгийн олон ээж “Алдарт эх” одон хүртэж, олон мянган ээжүүдэд онцгой баяр, гүн хүндэтгэл тохиосон жил болов. 2011 онд Чингэлтэй дүүрэг нийтдээ “Алдарт эх” одонгийн болзол хангасан 4426 эхчүүдэд одонг нь гардуулж, хүндэтгэл үзүүлээ буянт ээжүүдээ алдаршуулаад байгаа аж.
Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны наймдугаар сарын 29-ны өдрийн 180 дугаар зарлигаар Чингэлтэй дүүргийн 19 хорооны нийт 368 ээжид “Алдарт эх”-ийн II зэргийн одонг гардуулжээ. Одон гардуулах ажиллагаанд УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, ЧД-ийн ИТХ-ын дарга Ч.Батбилэг, Засаг даргын орлогч Г.Ариунбуян, ЧД-ийн ИТХ-ын тэргүүлэгч Т.Идэрцагаан болон бусад төлөөлөгчид оролцож, дүүргийнхээ ээжүүдэд одонг нь гардуулсан байна.
Тус дүүргийн тавдугаар хорооны иргэн Д.Даваасүрэн энэ үеэр “Дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн хүн юмаа би. Төр засгаас бид бүхнийг ингэж шагнаж алдаршуулж байгаад баяртай байна” гээд энэ өдөр “Алдарт эх”-ийн одон гардаж авсан бүх эхчүүддээ болон Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Б.ГАЛ