АН-ынхан Төв аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.23-нд нийтлэгдсэн

АН-ынхан Төв аймагт ажиллаж байна

Ардчилсан намын дарга, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал нар Төв аймагт ажиллаж байна. Тус намынхан “Монгол хүн-2020” хэлэлцүүлгээ өчигдөр Төв аймгийн иргэдээр хэлэлцүүлж, санал бодлыг нь сонссон бол өнөөдөр жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж буй юм. Уг нь өнөөдөр Зуун мод сумын иргэдтэй УИХ дахь Ардчилсан намын гишүүд уулзалт хийх байсан ч олонх иргэн Улаанбаатар хотод болсон Төв аймгийн өдрүүд арга хэмжээнд оролцоод хүрэлцэн ирж амжаагүй байгаа тул хойшлуулахад хүржээ. Харин “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн үеэр иргэд Төв аймгийг Улаанбаатар хотын дагуул хот болгон хөгжүүлэхэд анхаарлаа хандуулахыг хүссэн аж. Хэдийгээр Улаанбаатар хоттой Төв аймаг хаяа залган байрладаг хамгийн ойр ганц аймаг боловч хөгжлөөс хоцорсон хамгийн буурай аймгийн тоонд ордог болохыг онцолжээ. Дээр нь хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж буй тул үүнд мөн анхаарал хандуулахыг хүссэн байна.

Ардчилсан намын дарга, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн эрхлэх асуудлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хамаардаг тул “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийнхээ үеэр тэрбээр Засгийн газрын ажлаа амжуулдаг. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдтай хамтран зургаан ч үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөөд буй юм.


Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж