Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Энхболд “Айлд аав, ээжээсээ үргэлж тусламж авдаг эрх хүүхэд байдаг. Газар тариалангийн салбар яг ийм эрх хүүхэд шиг болчихоод байна. Эрхэлж ханахгүй одоо бүр давраад гурилыг үнэтэй болгох нь. Зохиомол татварыг төрөөр тавиулаад, түүнийг тариаланчид татвар төлөгчдөөс авах нь. Ургац хураалтын хоёр долоо хоногийн дүнг харвал тариаланчид гайхамшигтай сайхан ажил хийчихэж гэж харагдахаар. Тийм л сүрхий юм бол зах зээлийнхээ жамаар амьдрах хэрэгтэй шүү дээ. Монголын төр газар тариаланчдад 2006 оноос эхлэн урамшуулал олгосон. Таван жил урамшуулал олгоно, тэгээд өөрийнхөө хүчээр амьдарна гэж байсан. Гэтэл одоо дахиад л тусламж хүсч байна. Дэлхийн зах зээл дээр нэг тонн улаан буудайн үнэ 230 ам.доллар байхад яахаараа Монголын хэрэглэгчид дэлхийн зах зээлийн үнээс өндөр үнэтэй гурил идэх ёстой юм бэ. Тэр тусмаа газар тариалангийн салбарыг хэдэн зуун тэрбум төгрөгөөр дэмжсэний дараа. Мал аж ахуйг ингэж дэмждэг байсан бол махны үнэ 1000 төгрөг рүү буух байсан биз. Анх удаа УИХ-аас мал аж ахуйд 30 тэрбумыг зарцуулах шийдвэр гаргасны төлөө ямар их чичлүүлсэн билээ. Газар тариалангийн салбарынхан харин төрөөс хэдэн тэрбум төгрөгийн дэмжлэг авснаа мэдэхгүй болтлоо эрхэлчихэж, хэдий хүртэл ингэж эрхлэх вэ” гэлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын хэлснээр бол монгол төгрөгт шилжүүлэн тооцвол ОХУ-д улаан буудай нэг тонн 206 мянган төгрөг, Хятадад 430 мянган төгрөг, дэлхийн зах зээлд 280 мянган төгрөг байгаа аж. Монголын тариаланчдын хувьд дэлхийд ОХУ-ын тариаланчидтай өрсөлдөж байгаа. Газар тариалангийн тоног төхөөрөмж маш үнэтэй, 2008 оноос эхлээд өндөр үнэтэй техник технологийг тариаланчид худалдаад авчихсан байдаг. Энэ өрнөөсөө салаагүй суутал импортын буудай хямд үнээр орж ирээд байвал зээлээ төлөх боломжгүй болно. Тийм учраас импортын улаан буудайнд татвар тавих нь зөв юм гэж үзэж, төслийг УИХ-д оруулсан гэсэн тайлбар хийлээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Импортын буудайнд 40 хувь хүртэлх татвар ногдуулахад гурилын хэрэгцээний эрэлт, нийлүүлэлт ямархуу байдлаар зохицуулагдах. Гурил үйлдвэрлэдэг үндэсний компаниудтай гурилын үнэ ханшийн талаар ярьж тохиролцсон зүйл байдаг эсэхийг лавлаж байв. Албаны хүний хэлснээр бол гурил үйлдвэрлэгчдийн хувьд хоёр хөршөөс бага үйлдвэрлэл явуулдаг. Энэ нь гурилын үнэ өндөр тусахад нөлөөлдөг. Хэдий байдал ийм төвөгтэй байгаа ч үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг хэрэглэхээс аргагүй гэнэ. Учрыг тайлбарлавал, тариаланчдын хувьд улаан буудай тариалахын тулд ОХУ-аас орж ирсэн маш өндөр үнэтэй дизель түлш хэрэглэдэг гэсэн нэмэлт тайлбар ч дагууллаа. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хувьд гурил үйлдвэрлэгчидтэй ярилцаж гурилын үнийн талаар ярилцсан. Нэг тонн улаан буудайн үнэ 350 мянган төгрөг байхад нэгдүгээр зэргийн гурил бөөний үнэ нь 580-600 төгрөгийн хооронд барих боломжтой гэж үзсэн юм байна. Гэхдээ явцын дүнд байдал яаж эргэхийг тооцох аргагүй аж. Салбарын яамныхны хэлж буйгаар бол импортын улаан буудайнд 40 хувийн татвар ногдуулахгүй бол тариаланчид борлуулалтгүй болно гэж үзэж байна.
УИХ-ын гишүүд төсөл санаачлагчдаас асуулт асууж, саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад хуралд оролцсон гишүүдийн 64.1 хувь нь “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэж үзлээ.