УИХ-ын тодорхой гишүүний гэмтэй эсэхийг тогтоохын тулд заримдаа Улсын ерөнхий прокурор, АТГ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирүүлдэг. Их Хурлын гишүүн ч хүн юм болохоор хааяа зарим нь хэрэг төвөгт бас сэжиглэгдэнэ л дээ. Төрийн түшээ бүрэн эрхээр хамгаалагдсан байдаг тул түүнийг нь түдгэлзүүлж жирийн иргэний зиндаанд буулгаж байж шалгахаас аргагүй. Гэтэл гишүүд нэг сайн нуувч сэдэж олоод УИХ-ын тухай хуульдаа шигтгэж өгснийг иргэд олж хараад Цэцэд ханджээ.
Уг нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал… -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг байна. Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “УИХ-ын гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан” тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах мэтээр оруулж өгчээ.
Жирийн хүнийг бол сэжигтэй санагдвал дуудаад байцааж болдог. Гишүүн хүн хэрэг үйлдвэл цагдаа ирж барихыг хүлээгээд хэргийн газартаа сууж байх, эсвэл эзгүйчилж авсан эд зүйлс, авлигад авсан мөнгө төгрөгөө гартаа барьчихаад намайг барих нь уу, үгүй юү гээд яваад байх юм гэсэн. Яг энэ заалтыг үндэслэн гишүүн Д.Дондогийг бусдаас зээлсэн мөнгөө төлөөгүй гэсэн асуудлаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөхийг хүссэн Ерөнхий прокурорын гурван удаагийн саналыг буцаасан юм. “Д.Дондог гишүүн зээлсэн мөнгөө бариад явж байгаагүй, эсвэл мөнгө зээлсэн газраа сууж байсангүй” гээд буцаасантай ялгаагүй зүйл болсон л доо. Гишүүн гэмгүй байж болно. Гагцхүү шалгаад үнэн мөнийг тогтооё гэсэн Ерөнхий прокурорын амыг ингэж тагласан.
Харин Үндсэн хуулийн Цэц өчигдөр /аравдугаар сарын 21-нд/ дунд суудлаараа хуралдаж, “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулсан байна” гэсэн дүгнэлт гарган, дээрх заалтыг 21-ний өдрөөс түдгэлзүүллээ. Ингэснээр гишүүдийн нуувч болсон заалт “хорио”-нд оров. Дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж таарна. Харин эрхэм гишүүд нуувчаа нураах уу, авч үлдэх үү гэдгийг Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх хуралдаанаас харах үлдлээ.