Бүлгийн хурал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Бүлгийн хурал өндөрлөв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа нийт долоон асуудал авч хэлэлцсэн бөгөөд Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Агаарын бохирдлын төлбөрийн тухай болон бусад холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн төслийг УИХ өмнө нь гурван удаа буцааж байсан. Учир нь агаарын бохирдлын төлбөрийг иргэдэд түлхүү ногдуулахаар тусгасан байсан нь буцаахад хүргэсэн аж. Харин энэ удаагийн хуулийн төслийн үзэл баримтлалд нүүрс олборлож байгаа аж ахуйн нэгж, тээврийн хэрэгсэлд агаарын бохирдлын төлбөрийг тогтоохоор заалт оруулсан тул гишүүд санал нэгдэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм байна. Ингэхдээ бүлгийн гишүүд агаарын бохирдлын төлбөрөөс орж ирсэн мөнгийг гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах нь үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзсэн. Нөгөөтэйгүүр, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дан ганц утаатай тэмцсэнээр нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадахгүй, газрын хөрсний бохирдол их хэмжээгээр тархсанаас улаанбатаарчууд хашаандаа 00 барих боломжгүйд хүрээд буй тул энэ асуудлыг давхар бодолцох ёстой гэж үзжээ.
Мөн тус бүлгийн хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж, гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
УИХ дахь МАХН-ын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуваарийн дагуу хуралдсан ч хэлэлцэх асуудлаа дуусгаагүй, одоо 15.00 цагаас үргэлжлүүлэх юм. Улмаар хэлэлцсэн асуудлаар гишүүдийн саналыг нэтгэж дууссаны дараа 16.30 цагийн орчимд сэтгүүлчдэд мэдээлэл хийх төлөвтэй байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж