Сумдуудад ”Нутгийн Радио” байгуулна”

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Сумдуудад ”Нутгийн Радио” байгуулна”

“Глоб Интернэшнл” ТББ НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага ЮНЕСКО-гоос хэрэгжүүлж буй “Нутгийн радио” төслийн хамтрагч байгууллагаар ажиллаж эхэллээ. Энэ төсөл нь НҮБ-ын Хүний аюулгүй байдлыг хангах итгэлцлийн сангийн санхүүжилтээр Монгол улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах”  төслийн “Хөдөөгийн хүн ам ялангуяа үндэсний /хэлний цөөнхийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх” гэсэн бүрэлдхүүн хэсэг нь юм.

НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага-ЮНЕСКО-ын хариуцан хэрэгжүүлэх “Нутгийн радио” төслийн хамтрагч байгууллагаар “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, Радио, телевизийн сүлжээний газар, МҮОНР ажиллах аж.

“Нутгийн радио” төслийн хүрээнд тухайн орон нутгийн хэмжээнд радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхэлж, сонсогчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн төрөл бүрийн мэдээ, мэдээллийг иргэдийн оролцоотойгоор бэлтгэн хүргэж байх зорилгоор 10 суманд радио байгуулах юм байна.

Радио байгуулах сумд: Хөвсгөл аймгийн  Цагаан-нуур, Улаан-Уул, Цагаан-Уул, Ховд аймгийн Алтай,Баян-Өлгий аймгийн Буянт, Толбо, Баяннуур, Улаанхус,  Увс аймгийн  Зүүнговь, Тэс сум аж.

Сумын радио нь сумын иргэдийн оролцоотойгоор олон нийтийн төлөө ажиллах, ашгийн төлөө бус, мэдээлэл, нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх байнгын үйл ажиллагаатай төрийн бус байгууллага байх тул “Глоб Интернэшнл” ТББ эрх зүйн баримт бичиг, гарын авлага боловсруулах, сумын радиогийн удирдах байгууллага байгуулахад туслалцаа үзүүлэх, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, радиод ажиллах иргэдийг сургаж бэлтгэх ажлыг хариуцан гүйцэтгэх юм байна.

Эх сурвалж: www.west.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж