Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага байгуулагдаад найм дахь жил болж байгаа Онцгой байдлын албаны хамт олны үүсгэл санаачлагаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Аврагч” спорт хорооны албан хаагчдаас тив, дэлхий, олон улсын болон улсын чанартай тэмцээнүүдээс 600 гаруй медаль хүртжээ. 2010 оноос хойш тив, дэлхий, дэлхийн цом, нэрэмжит тэмцээнүүдээс 200 гаруй медаль авч, шинээр ОУХМ дөрөв, спортын мастер найм, дэд мастер арав төрөн гарсан байна. Тухайлбал шадар дэслэгч Д.Төмөрхүлэг Австри улсад зохион байгуулагдсан дэлхийн цом, Монгол улсад болсон Чингис хааны дэлхийн цомын тэмцээнүүдээс алт, БНСУ, ХБНГУ-д болсон тэмцээнүүдээс мөнгө, хүрэл медаль, шадар дэслэгч Б.Бат-Эрдэнэ Узбекстан, БНХАУ, Чингис хааны дэлхийн цомын тэмцээнээс мөнгө, хүрэл, Ази тивийн тоглолтоос хүрэл медаль хүртжээ.
Мөн Энэтхэг улсын Дели хотод болсон кураш бөхийн дэлхийн залуучуудын аваргаас Г.Чимидноров, М.Хоролсүрэн, Н.Нямтуяа нар алтан медал хүртэж дэлхийн аварга боллоо. Мөн энэ тэмцээнээс А.Маралмаа, Б.Батчимэг нар мөнгө, М.Дашням хүрэл медальтай ирсэн байна.
Тайландад болсон Ази тивийн жу-до бөхийн өсвөр, залуучууд, Польш улсад болсон сумо-гийн дэлхийн аваргын тэмцээн, Мароко-д болсон дэлхийн залуучуудын аварга, Гүрж улсад болсон самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ.
Дөнгөж өнгөрсөн долоо хоногт гэхэд Киргиз улсад болсон бүстэй кураш бөхийн дэлхийн аврагаас 2 алтан медаль, Литв улсад болсон самбо бөхийн дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль нэгийг хүртжээ.
Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын албаны хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг хангуулахад чиглэсэн тэмцээн уралдаан, спортын арга хэмжээг жилд 100 орчмыг зохион байгуулж байгаа нь сайшаалтай хэрэг юм. Энэ арга хэмжээндээ алслагдсан нутаг оронд ажиллаж амьдарч байгаа албан хаагчдаа нэг бүрчлэн оролцуулахыг зорьж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.