”Амьдрах л гэж үүнийг хийж байгаа юм”

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

”Амьдрах л гэж үүнийг хийж байгаа юм”

Хүний хорвоогийн хүрдэн эргэд­гээрээ эргэж нэгэн шөнийг үдэж үүртэй золгоно. Амьдрал гэгч баян агаад бас эрээвэр хураавар аж. Хү­мүүнийг ганц ширхэг будаан дээр зүү тогтоохтой адил тийм ховорхон хувь заяатай төрсөн гэх. Энэ их аз заяанд, тэр том хүрдний тойрогт хү­ний амьдралыг олох гэж би, та… зүт­гэсээр л, явсаар л, амьдарсаар л…

Бидний ууж идэх ам, урагшаа гишгэх хөл, дээшээ өргөх гар цөм адил. Гэвч бор ходоодоо тордох арга өөр өөр. Гэвч таны, миний, ажлаас тэс өөр уг нь хүний хиймээргүй тэр зүйлээс цалин авч амьдралаа зал­гуулж яваа нэгэн хэсэг бидний дунд байх аж.

2009 оны хоёрдугаар сарын 04-ний Нийслэлийн Иргэдийн тө­лөө­лөгчдийн хурлын 12 дугаар тог­­тоо­лоор баталсан захирамжийн да­гуу золбин нохдыг устгах ажил өнөөг хүртэл үргэлжилж байгаа. Өмнө нь “Нөөц” компани үүнийг хариуцан ажил­ладаг байжээ. Харин 2006 оноос Нийслэлийн Хот тохижилтын газар гэрээт анчдаар нохой агнуулахаар болжээ.

Бид пүрэв гарагийн үүрээр нохойн анчдын нэг өдрийг сурвалжилсан юм. Тэдний ажил дулааны улиралд шө­нийн 02:00-03:00 цагийн үед эхэлдэг. Харин өвөл жавар багасах үеэр өглөө 06:00-07:00 цагт хүний хөл татруу байхад нохойн ангаа хийж эхлэнэ. Нохойн анчдын багт нийтдээ есөн хүн багтана. Тэдэнд “Улаанбаатар хотын Захирагчийн харъя хот тохижилтын газрын гэрээт анчин мөн” гэсэн үнэмлэх олгожээ. Ийнхүү тэд мэргэжлийн  “нохойн анчин” хэмээгдэнэ. Нэг нохойг таван мянган төгрөгөөр гэрээлж нохойн хоншоорыг  нь огтлон  авч Захирагчийн ажлын албанаас ирсэн нягтлангуудад тоолуулдаг гэнэ. Ингэж сарын эцсээр цалингаа бодуулж авдаг аж. Гэвч дээрх хөлсөөс нь 1400 төгрөг нь татварлуу урсаж 3600 төгрөг үлдэнэ. Үүнийг нэг анчин авахгүй. Учир нь багтаа 2-3 хүн байх ба ногдсон мөнгөө тэнцүү хувааж авна. Өдөртөө 30-аас дээш тооны ан хийх аж. Харин сардаа сайн агнасан нь 700 хүргэдэг. Тэдэнд тусгай хувцас хэрэглэл гэж байхгүй. “Нохойн анчид” сард 700 нохой агналаа гэж үзэхэд үүнээс гар дээр нь хоёр сая 520 мянган төгрөг ирнэ. Үүнээс тэд түлшинд 600 мянган төгрөг, суманд нэг сая 400 мянгийг зарцуулна. Учир нь нэг нохойд хоёр сум зарцуулахаар тооцдог аж. Зах зээл дээр нэг ширхэг сум 1500 төгрөг, хайрцаг нь 70 мянган төгрөгийн ханштай. Харин тэд байнга авдаг газартай учраас арай хямдхан буюу ширхэгийг нь 1000, хайрцагаар нь 50 мянгаар ав­даг байна. Тэгээд үлдсэн сумаа хэм­нэлээ гэж бодоход 600 мянган төгрөгийг хоёулаа ч юм уу заримдаа гур­вуулаа тэгш хувааж авдаг аж. Ингээд л тэдний амьдрал өрнөсөөр л… Өглөө зургаан цагт Үндэсний телевизийн урд талд тэдэнтэй уулзахад нохой ачих дөрвөн “Портер” машин ирэв. Миний цуг явсан анчид дотор 30-аад жил буу барьж, 20-оод жил нохой агнасан О, Ш, У (нэрээ нууцлахыг хүссэн)нар бай­лаа. О гурван хүүхэдтэй. Улсын тэр­гүүний анчин, байгууллагын та­ван удаагийн аварга, Нийслэлийн 70 жилийн ойн медалтай. Ш мөн бай­гууллагын гурван удаагийн аварга, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар шагнагджээ. О одоо нас 39 шүргэж байгаа аж. Түүний аав нь Төв аймгийн Баянцогт сумын харъяат Улсын тэргүүний анчин Ж.Базарсад гуай. О-д аавынх нь шаггүй бууддаг авъяас заяажээ. Бид өглөө долоо өнгөрч байхад Баянгол дүүргийн 13 дугаар хорооны гэр хорооллын гудмаар явж байтал нэг хашаанаас 5, 6 орчим нохой ноололдож гарч ирэв. Энэ бидний анхны бөгөөд сүрэг ан. Бүрэнхий байв. О хашааны гадна байсан халтар нохойг тэр даруйд нь хөдөлгөөнгүй болгов. Түүний хэлснээр “Уушгинд буудвал сайн. Цус гардаггүй бас их зовохгүй” хэмээв. Ийн агнасаар 08:00 цаг өнгөрч байхад Улаанчулуутын хогийн цэгт очиж булахаар буулгахад 83 нохой агнасан байв. Нийслэлийн хот тохи­жуулах газраас энэ ажлыг хариуцан авснаас хойш “2009 онд 55 мянга 500, 2010 онд 61 мянга 400, 2011 оны эхний есдүгээр сарын байдлаар 51 мянган нохой устгасан” хэмээн тус газрын мэргэжилтэн Г.Жанчивдорж хэлсэн.

Өмнө нь “Нөөц” компани хариу­цаж байхдаа  хувь хүмүүст өгч цэргүүдийн хөлний дэгтүү хийлгэдэг байжээ. Мөн бөө нар нохойн толгой энэ тэрийг асуудаг аж. Жирийн ир­гэд уушгий нь авах санал тавьдаг ч өгч байсан удаа үгүй гэнэ. Нохой хү­ний тоонд ордог гэх.  Монголчууд нохойны амь хөнөөж үл болно хэмээнэ. Гэвч тэд “Бид амьдрах гэж л үүнийг хийж байгаа шүү дээ” хэ­мээн  гунигтайхан өгүүлж нэгэн өдрийн ажлаа өндөрлөлөө.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж