Н.Батбаяр гишүүн шаардлагыг өргөн барихаасаа өмнө Д.Дэмбэрэл даргад шаардлагаа өгөх хүсэлт тавихад “УИХ-ын дэд дарга Г.Батхүүд өгчих” гэсэн. Ингээд Г.Батхүү даргыг цаг гаруй хүлээсэн ч ирсэнгүй. Тиймээс чуулганы танхимд орж өгөхөөс өөр арга үлдсэнгүй” гэж байв. Нэр бүхий есөн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах шаардлагаа Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1.6, УИХ-ын тухай хуулийн 7.1.12 гэсэн заалтыг үндэслэн тавьжээ. Эдгээр заалтад “УИХ-аас томилсон, сонгосон албан тушаалтныг УИХ-аас огцруулах санал тавих эрхтэй” гэсэн агуулга байгаа аж. 20 гишүүний тоо цөөрч ес болсон нь “Засгийн газрыг огцруулах асуудлыг гишүүдийн дөрөвний нэг нь албан ёсоор тавьж болно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг урдаа барих боломжгүй болгосон юм. Харин дээр дурьдсан хуулийн заалтуудыг үндэслэн Ерөнхий сайд гэсэн албан тушаалтныг огцруулах саналыг УИХ-ын нэг гишүүн ч тавьж болох эрхтэй байдаг аж. Шаардлагад гарын үсэг зурсан гишүүд “Ерөнхий сайд Үндсэн хуулийн 41.1-д заасан “Ерөнхий сайд нь Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн” гэж үзэж байгаа ажээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэдний шаардлагыг төдийлөн ойшоохгүй, ширээн дээрээ шидэж байгаа харагдсан. Харин УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Магнайсүрэнгээс гишүүдийн шаардлагыг хэлэлцэх үндэслэл бий эсэхийг тодруулахад “Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь албан ёсоор Засгийн газрыг огцруулах асуудал тавих юм бол хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн заалт бий. Ерөнхий сайдыг огцруулах тухайд ч гэсэн. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдыг дангаар нь огцруулах үндэслэл байхгүй. Гэхдээ шаардлагатай нарийн танилцаж чадаагүй болохоор хэлж мэдэхгүй байна” гэлээ.
"Улс төрийн тойм" сонин