Сэтгүүлчдийн их хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийн их хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

"Шинэ үе, шинэ сэтгэлгээ” түр хорооныхон өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд түр хорооны дарга NBS телевизийн захирал С.Наранбаатар, Удирдах зөв­­­лөлийн гишүүд болох Мон­голын өдөр тутмын со­нины холбооны гүйцэтгэх за­­хи­рал, “Улс төрийн тойм” со­нины ерөнхий эрхлэгч Л.Мөнх­­баясгалан, Мон­го­лын үндэсний олон ний­­тийн телевизийн за­хирал Ц.Оюун­­дарь, “Өнөө­дөр со­­ни­­ны” ор­логч эрх­лэгч С.Бат­­баатар,  ТВ-9 теле­ви­зийн продюссер Д.Төр­мөнх, “Үндэсний шуу­дан” со­­­нины орлогч эрхлэгч Г.От­­гонбаяр нараас гадна тус түр хорооны өмгөөлөгч Г.Мөнх­болд хүрэлцэн ирсэн юм. Тэд уг хэвлэлийн бага хур­лаар Сэтгүүлчдийн нэгд­сэн эв­лэлийн ерөнхийлөгч Т.Баа­сансүрэн болон дэд ерөн­хийлөгч Д.Заяабат нар хууль бусаар уг албан тушаалыг авсан учир  ирэх сард болох байсан Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн IV их хурлыг хурал­дуулах боломжгүй бол­сон талаар дуулгасан юм.

Өнгөрсөн наймдугаар са­­рын сүүлчээр Монголын сэт­гүүлчид Сэтгүүлчдийн нэгд­сэн эвлэлийг шинэчлэх цаг болсон гэж үзэн нэгдсэн ху­рал­даан зохион байгуулсан. Энэ үеэр “Сэтгүүлчдийн нэгд­сэн эвлэл сэтгүүлчдийн тө­лөө юу ч хийдэггүй.

Амиа ар­гацаасан байгууллага болж хувирсан” гэдэгтэй сэт­гүүлчид санал нэгдэж ирэх сард болох байсан Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн IV их хуралд сэтгүүлчдийн дуу хоолойг хүргэж, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг шинэчлэхээр “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” нэртэй түр хороо байгуулсан билээ. Өнгөрсөн хугацаанд тус хорооны гишүүд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагатай уулзаж, их хуралд сэтгүүлчдийн төлөөллийг түлхүү оролцуулах, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрмийг шинэчлэхээр ярилц­сан ч Сэтгүүлчдийн нэгд­сэн эвлэлийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн тэднийг улс төрийн зорилгоор энэхүү үйл ажиллагааг хийж байна хэмээн гүтгэж, саналыг нь үл ойшоосон аж. Тиймээс тус хорооныхон Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрмийг судалж, тус байгууллагын талаар мэдээлэл цуглуулах явцад ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг нэгдсэн хурлаар сонгоогүй бөгөөд дүрэм бусаар энэ суудалд сууж байгаа нь тогтоогдсон байна. Мөн тус байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт шинэчилсэн бүртгэл хийлгээгүй  одоог хүртэл хуучин удирдлагуудынхаа нэр дээр бүртгэлтэй байсныг ч олж мэджээ. “Шинэ үе шинэ сэтгэлгээ” түр хорооноос энэ бүх алдаа дутагдлаа засаж, сэтгүүлчдийн байгууллагаа ши­нэчлэхийг уриалсан ч тус бай­гууллагын удирдлага үл ойшоосон учир Сүхбаатар дүүргийн шүүхэд иргэний нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн ха­риуд Сүхбаатар дүүргийн шүү­хээс Монголын сэтгүүчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн, дэд ерөнхийлөгч Д.Заяабат нарыг шүүхийн шийдвэр гарах хүртэл тус байгууллагын их хурлыг хуралдуулахгүй байхыг даалгасан аж. Тэдний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх үү, үгүй юу гэдгийг долоо хоногийн хугацаанд шийднэ” хэмээн “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” түр хорооны өмгөөлөгч Г.Мөнхболд хэлсэн юм. Харин иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд асуудлыг 60 хоногийн дотор шийдэх хуультай юм. Гэхдээ энэ асуудал сунжрах ма­гадлалтай тул шийдвэрлэх ху­гацаа нь 90 хоног болж сунжрах магадлал өндөр байгааг ч Г.Мөнхболд өмгөөлөгч дуулгасан. Тэгэхээр ирэх сард болох байсан Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн IV их хурал тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа юм. Гэхдээ хурлыг хойшлуулахаас өөр гарц байгаа аж.

Хэвлэлийн бага хурлын үеэр “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” түр хорооныхон ингэж ярьсан юм.

Монголын өдөр тутмын со­нины холбооны гүйцэтгэх за­хирал Л.Мөнхбаясгалан:

-Бид Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн IV их хурлаас өмнө Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагуудыг манай түр хороотой хамтарч сэтгүүлчдийнхээ дунд хурал зарлаж, дүрмээ шинэчлэн, алдаатай байсан бүхнээ залруулж, байгууллагаа шинэчлээсэй гэж хүсэж байгаа. Энэхүү хүсэлтээ ч хүр­гүүлсэн.  Хэрэв бидний хүсэлтийг хүлээж авч, шинэчлэлийн ажлыг хамтарч хийвэл Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн IV их хурлыг хойшлуулахгүй байх боломж бай­гаа юм.

NBS телевизийн захирал С.Наранбаатар:

-Хэрэв дээрх шаардлагыг хүлээж авахгүй, шүүхээс иргэний хэрэг үүсгээд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг дүрэм бусаар дээрх албан тушаалд суусан гэдгийг шийдчихвэл албан тушаалд нь очих хүмүүс бэлэн байгаа гэсэн хардлага байгаа. Хэрэв тийм бол дахиад л дүрмээ зөрчсөн хэрэг болно шүү дээ. Шүүхээс тэднийг буруутгасан тохиолдолд сэтгүүлчдийн нэгдсэн хурлаар л  ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг сонгоно шүү дээ.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж