Улсын Дээд шүүх шинээр байгуулагдсан Хамуг Монголын Хөдөлмөрийн намд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг даалгаж, батламж бичгийг гардууллаа.
Хуралд тус намыг төлөөлж намын дарга С.Молор-Эрдэнэ, Намын цэцийн дарга Ц.Шинэбаяр тэргүүтэй тус намын гишүүд ирсэн байна. Тэд Улс төрийн намын тухай хуульд зааснаар намыг үүсгэн байгуулах хурлаа хийснээс хойш ажлын 10 хоногт багтаан намыг Дээд шүүхэд бүртгүүлэх тухай заалтын дагуу энэ сарын 6-ны өдөр Дээд шүүхэд намаа бүртгүүлэхээр материалаа өгчээ. Тус намын анхдугаар их хурал өнгөрсөн есдүгээр сарын 23-нд болж, нийслэл орон нутгийн 500 гаруй төлөөлөгч оролцсон юм. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Цоо шинээр нам байгуулж байгаа. Хуулийн хүрээнд бүх материалаа бүрдүүлсэн учир Дээд шүүх бүртгэхэд саад гарсангүй” гэх хариулт өглөө.