Ц.Мөнхзул шигшээ наймд шалгарав

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхзул шигшээ наймд шалгарав

Кувейтийн нийслэл хотноо хийн бууны Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Шар тивийн 33 орны 350 гаруй мэргэн бууч өрсөлдөж буй тус тэмцээн зөвхөн 10 метрийн зайн хийн гар буу болон хийн урт бууны дасгалд эрэгтэй, эмэгтэй төрөлд насанд хүрэгч, залуучууд, өсвөрийн гэсэн ангиллаар зохиогдож буйгаараа онцлогтой. Монголын баг тамирчдын тухайд Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын удирдлага дор 10 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Тэмцээн өнгөрөгч лхагва гаригт насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй хийн урт бууны дасгалаар эхэлсэн бол өчигдөр насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй хийн гар бууны төрөлд аваргууд тодорлоо. Монголын баг тамирчдын салхийг хагалж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярмаа нар өчигдөр хийн гар бууны төрөлд өрсөлдөж, багийн дүнгээр 13 орноос зургадугаар байрт шалгарчээ. Урьдчилсан дасгалд О.Гүндэгмаа 375 /95, 96, 94, 90/ оноо авснаар 17 дугаарт байрт, харин Т.Баярмаа 372 /91, 92, 93, 96/ оноотой 23 дугаар байрт бичигдсэнээр шигшээ буудлагад өрсөлдөх боломжгүй болсон бол ОУХМ Ц.Мөнхзул 381 /97, 94, 95, 95/ оноогоор шигшээ наймд багтжээ. Улмаар шигшээ буудлагад 94,5 оноо авснаар нийлбэр 475,5 оноогоор наймдугаар байрт шалгарсан байна.

Харин өнөөдөр тэмцээний хуваарийн дагуу залуучуудын болон өсвөрийн ангилалд эрэгтэй, эмэгтэй хийн урт бууны Ази тивийн аваргууд тодрох юм. Эдгээр дасгалд Монголын баг тамирчдаас Б.Баттогтох /хөвгүүдийн хийн урт буу/, Ө.Өлзийням /залуучуудын ангилалд эмэгтэйчүүдийн хийн урт буу/ нар онч мэргэнээ сорино.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж