Ояката Касугано шавь нараа зоджээ

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Ояката Касугано шавь нараа зоджээ

Японы сумогийн холбооноос шавь нараа гольфын цохиураар зодсон оякатаг хатуу донгоджээ. Касугано дэвжээний гурван бөх сумогийн уламжлалт дэг жаяг, ягштал мөрдөх учиртай дүрэм журмыг зөрчиж, багшийнхаа үгийг сонсолгүй, олон нийтийн газар явахдаа кимоно өмсөхөөс татгалзсан учир багш нь шавь нараа шийтгэсэн гэнэ. Харин энэ асуудал Японы сумогийн холбооны удирдлагуудын чихэнд хүрсэн тул ояката Касугано холбооны удирдах гишүүдтэй уулзаж, дээрх хэргийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн гэнэ.

Сумочдыг гольфын цохиураар хэвлий болон нуруунд нь цохиж, шийтгэсэн тухай “Kyodo News” мэдээлсэн бөгөөд Касугано дэвжээний бэлтгэлийн танхимаас хугархай гольфын цохиур олдсон ажээ. Зодуулсан гэх гурван сумочийн нэг нь Гүржийн сумоч Точиношин бөгөөд тэд өөрсдөө буруутай байсан тул ямар нэг гомдол мэдүүлээгүй гэнэ. Сумочид харьяалагдаж буй дэвжээнийхээ байранд амьдардаг бөгөөд тэднийг хуримлаж, гэр бүлтэй болсон цагт дэвжээнээс гадуур амьдрахыг зөвшөөрдөг юм байна. Түүнчлэн гадуур, олон нийтийн газар явахдаа зайлшгүй кимоно өмсөх дүрэмтэй юм. Харин зодуулсан гурван сумочийн тухайд Точиношиний төрсөн өдрийг тэмдэгллэхээр гарахдаа кимоно өмсөх дүрмийг зөрчсөн гэнэ.

Ояката Касугано өдгөө 49 настай бөгөөд Точиновака нэрээр макүүчи зиндаанд барилдаж, сэкиваки цол хүртэж байсан юм. Тэрбээр сумогийн дүрэм, журмыг зөрчиж шавь нараа зодож шийтгэсэндээ албан ёсоор уучлал эрсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж