“Формула нэг”-ийн “McLaren” багийн нисгэгч, 26 настай Хэмильтон өөрөөсөө зургаан насаар эгч найз бүсгүйгээсээ салах болсон шалтгаан нь хэн хэнийх нь тун ч завгүй ажлын хуваарь гэнэ. Авто замын тойрог уралдааны хаан ангилалд хурд хүч сорьж яваа Хэмильтон эндээс тэнд, тэндээс энд гэсээр завгүй яваа бол Николь ч мөн адил шоу тоглолт, зураг авалт, элдэв янзын арга хэмжээ гээд дэлхийн нэг талаас нөгөө хагас хүртэл аялж явдаг тул хосуудын учрах мөч багассаар нэг л мэдэхэд хөндийрчээ. “Pussycat Dolls” хэмээх охидын хамтлагаас уран бүтээлчийн замналаа эхлүүлсэн Николь, Льюис нар дөрвөн жил гаруй хугацаанд үерхсэн юм.
Николь саяхнаас эхлэн Америкийн “X-Factor” шоунд Саймон Коуэллийн хамт шүүгчээр ажиллах болсон тул Лос-Анжелест амьдарч байгаа юм. Харин Хэмильтон “Формула нэг”-ийн уралдаан гэсээр энд тэндгүй хэрэн хэсч яваа билээ. Хэдийгээр салсан ч хосуудын бие биенээ хүндэлдэг хэвээр, цаашид ч найзууд байх болно гэжээ.