Монголын Мэдээллийн сайтуудын ассоциацаас санаачлан “+zoom” нэртэй хөтөлбөр эхлүүлж байгаагаа өнөөдөр албан ёсоор зарлав. Хөтөлбөрийн эхний ажил болгож Мэдээллийн сайтуудын ассоциаци Сангийн яамтай хамтран Монгол улсад зарлагдаж буй бүх тендерийн урилга болон тендертэй холбоотой бусад мэдээ мэдээллүүдийг дээрх сайтуудаар дамжуулан олон нийтэд хүргэхээр боллоо. Сангийн яаман дээр болсон хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ажиллагааны үеэр Сангийн сайд С.Баярцогт төрийн алив ажиллагаа ил тод, нийтэд нээлттэй байх талаар Засгийн газар анхаарч ажиллаж буйг дурдаад, олон нийтэд хэрэгтэй ийм хөтөлбөр санаачилсан Мэдээллийн сайтын ассоциацид талархсан юм.
“+zoom” хөтөлбөрийн хүрээнд хуулиар хориглоогүй боловч иргэдэд хаалттай байдаг, тэр бүр олны хүртээл болж чаддаггүй мэдээллүүдийг албаны эх сурвалжаас нь авч, тус ассоциацийн гишүүн болох News.mn, Shuud.mn, Olloo.mn, 24tsag.mn,Topmedee.mn, Chuhal.mn сайтуудаар байнга мэдээлж байх юм
Энэ удаа уншигчдад хэзээ, хаана, ямар тендер зарлагдаж байгааг цогцоор нь, цаг алдалгүй, шуурхай мэдэх боломжийг ассоциацийн гишүүн сайтууд олгож байна.
Хөтөлбөрийн дараагийн ажил нь Хотын захирагчийн албатай хамтран хэрэгжүүлэх Газрын зөвшөөрлийн мэдээллүүд байх юм.