Нэгэн цагт бие биедээ хязгааргүй хайртай, аз жаргалаар бялхсан хосууд байж гэнэ. Тэд өдөр болгон очиж зугаалах дуртай нэгэн төгөлтэй юмсанж. Нэг өдөр төгөлдөө зугаалж явтал цас шиг цагаан даашинзтай бяцхан охин гарч ирээд “Чихэр өгөөч” гэж гуйжээ. Харин дурлалт хосуудад чихэр байсангүй. Тэгэхэд аравдугаар сар байжээ. Тэр цагаас хойш чихэр өгч, чадаагүй хүн бүр сүнс, чөтгөр болон хувирч, хосуудын зугаалдаг төгөл хараалд автан, тамын төгөл болжээ. Чөтгөр болон хувирсан хосууд нэгийгээ хайж, хараалд автсан хүмүүс түүгээр үзэгдэх болсон байна. Хосууд хараалыг тайлж, бүгдийг урьдын хэвэнд оруулахын тулд зөнч эмгэний өгсөн сарнайг тамын төгөл дундуур сүнс чөтгөрт алдалгүй явсаар хайрын хайрцагт хийх ёстой. Хараалыг тайлан, аз жаргалыг эргүүлэн авчрах эрэлхэг баатар нь зөвхөн та юм байна.
Үүний тулд та Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркад очоорой. Таныг “Halloween”-д тавтай морил хэмээн угтаж байна. Бас адал явдалд чинь амжилт хүсч зоос өгөх болно. Адал явдлаа даван туулахын тулд “Эрч хүч авах өртөө” дайран, аян замын хүнсээ базааж, хоёр дахь зоосны эзэн болоорой. Тамын төглөөр аль болох аюул багатай аялахыг хүсвэл “Xtraice” гэдэг газар байрлах сайн санаат зөнчөөс зөвлөгөө авч болно. Үлгэрт гардаг шиг намхан нуруу, тахир хамартай нөмрөг нөмөрсөн эмгэн байх гэж бодож байтал хайртдаа өгөх сарнайгаа атгуулчихмаар сайхан бүсгүй сууж байна лээ шүү. Хамгийн гол нь та яарахгүй бол тамын төглийн урьдын байдалд нь оруулах чинь худлаа болно шүү. Сайхан сэтгэлт зөнч эмэгтэй таны ирээдүйн чинь талаар зөвлөөд гуравдахь зоосыг өгнө. Ингээд та тамын төглийг туулахад бэлэн боллоо.
Тамын төглөөр дөнгөж ормогц аймшигтай чангаар хашгирах хүний дуу, чөтгөр сүнсийнх юм байлгүй гэмээр заналтай инээд, цус шиг улаан гэрлүүд, “Жекийн дэнлүү” гэж нэрлэдэг хулуу дүрстэй, 2 нүд, амыг нь нүхэлж сийлсэн дотроосоо гэрэлтдэг дэнлүүнүүд шон бүрээс өлгөөтэй. Цааш жаахан явбал яг оршуулгын газар яваа мэт сэтгэгдэл төрнө дөө. Хамгийн эхний “зомби” оршуулгын газарт хэвтэж байна. Тэр лав дайнд явж байгаад “зомби” болсон байх аа. Цэргийн дүрэмт хувцастай, духандаа сум нэвт зоолгосон болов уу гэмээр нүхтэй…
Цааш юу болохыг өөрийн биеэр үзэж, тамын төглөөр санамсаргүй аялсан нь танд сонирхолтой биз ээ. Аймшгийн аяллаар яваад сэтгэл дундуур үлдэх хэрэггүй шүү. Монголдоо анх удаа зохиож байгаа тул туршлага дутсан зүйл анзаарагдаж магад. Харин тамын төглөө туулаад дөрөвдэх зоосоо авахаа мартав. Тамын төглийг амжилттай давж, аз жаргалын сүүлийн өртөө хүрэхэд дөрвөн зоос цуглуулах ёстой. Эдгээр дөрвөн зоосоо чөтгөр сүнснүүдэд алдалгүй хамгийн сүүлийн “Аз жаргалын өртөө”-нд хүргээд, “Зун цаг” дэлгүүрээс урамшууллаа аваарай.
Энэ бол ҮСАХ-гээс айдсын бодит ертөнцөөр аялах “Halloween 2011” хөтөлбөрийн нэг хэсэг Аймшгийн аялал. Бидний мэдэх парк “аймшгийн баяр”-аар амьсгалж байна. Манайхан Халловений баярыг аравдугаар сарын 31-нд тэмдэглэдэг л гэж сонсч байсан бол энэ жил хагас сарын турш энэ сонин гайхамшигтай баярыг тэмдэглэх болжээ. Баярын өдрүүдэд:
-Аймшгийн аялал
-Халловин парад
-Халловен пасс гэсэн гурван хөтөлбөрөөр бэлэг барих гэнэ. Халловин пасс гэдэг нь 10 мянган төгрөгөөр нэг өдрийн турш бүх тоглоомоор нь тоглуулах хөтөлбөр юм. Аймшгийн баярын хөтөлбөрийн хамгийн оргил хэсэг бол аравдугаар сарын 31-нд болох хаалтын Халловин парад болсноор өндөрлөнө. Үүнээс хойш хүүхдийн парк зөвхөн зуны улиралд биш, жилийн дөрвөн улиралд ажиллах юм гэнэ лээ шүү. Дэлгүүр, ТҮЦ нь ч баярын бэлэг дурсгалаар дүүрэн байгаа нь харагдана лээ.
Халловиний баярыг аравдугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын нэгэнд шилжих шөнө тэмдэглэдэг уламжлалтай.Энэ баяр нь эртний Келтьчүүдээс уламжилж ирсэн бөгөөд одоогийн Их Британи ,Францад анх тэмдэглэж байжээ. Дараа нь англи хэлтэй улсуудын дунд дэлгэрч, албан ёсны баярын тоонд оржээ. XX зууны сүүлээс зүүн Европын орнууд улмаар хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж байсан улсууд тэмдэглэдэг болжээ. Азид Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнууд тэмдэглэдэг байна. АНУ-д энэ баяр нь цагаач ирландчуудтай хамт 1846 онд орж иржээ. Халловин хэмээх үг нь Англи-Саксони хэлнээс гаралтай "гэгээн орой" гэсэн утгатай. Халловиний баярын хувцас өмсгөл,хэрэглэлүүд нь нэн баялаг бөгөөд үйдвэрлэгч компаниудад ихээхэн орлого оруулдаг бололтой.Тиймээс ч америкийн дэлгүүрүүдэд "Халловиний тасаг" жилийн дөрвөн улиралд ажилладаг ажээ.
Халловиний баярын орой хүүхдүүд тусгай хувцас өмсөн, айлын хаалга тогшин ”Trunk or treat?” /мадлуулах уу, эсвэл амттан өгөх үү/ гэхэд хаалга онгойлгож өгсөн хүн нь "Яасан хөөрхөн хувцастай юм бэ" гэж өхөөрдөн төрөл бүрийн чихэр болон амттанаас уутанд нь хийж өгдөг уламжлалтай.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
"Ардын эрх" сонин