Афинийн цагдаагийн газар парламентын байрны эргэн тойронд хамгаалалт хийж байна. Гэсэн ч жагсагчид байшингийн довжоо хүртэл нэвтэрч чадсан байлаа. Хожим эсэргүүцэл гаргагчид Сангийн яамнаас холгүй нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны дэргэдэх цагдаагийн постын байрыг шатаасан байв. Жагсагчдын өөр нэг хэсэг тансаг буудлын дэргэд цагдаа нартай мөргөлдөөн гаргаж, дээрэм тонуул хийсэн байна.
Нийслэлийн өөр дүүрэгт цагдаагийнхан эсэргүүцэл хийж байсан хөлсний тэрэгний жолооч нарыг хөөн тараажээ. Цэвэрлэгч нарын ажил хаялтын улмаас хогоор дүүрсэн хогийн савнуудыг тэд шатааж байлаа.
Бүх нийтийн ажил хаялт эхэлсэн өдөр парламентын байрны ойролцоох метроны хоёр станцыг хаасан ба төрийн байгууллагууд болон элчин сайдын яамдын харуул хамгаалалтаа нэмэгдүүлсэн байв. Афинийн төвд 70 орчим мянган хүн жагсч байгаа бөгөөд нийт Грек даяар ажил хаялтад 125 мянган хүн оролцож байна. Харин үйлдвэрчний эвлэл 200 мянган хүн эсэргүүцэлд оролцож байгаа гэжээ.
Салоника хотноо 15 мянга орчим хүн жагсчээ. Тэнд ч мөн хүчирхийлэл гарсан байна. Нийт зуугаад жагсагчид засаг захиргааны байранд довтлон шатаах бодистой лонхоор шидэлжээ. Засгийн газрын эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн бүх нийтийн ажил хаялт хоёр хоног үргэлжиллээ.
"Ардын эрх" сонин